Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАРТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ДАХИН ХЯНАХ
Сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгов.
ТӨРИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ТҮР ЗОГСООНО
Төрийн зарим төрлийн хяналт, шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд үйлчилнэ.
УЛААНБУУДАЙН ТОНН ТУТАМД ОЛГОХ МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ 80,000 ТӨГРӨГ БОЛГОНО
Засгийн газрын хуралдаан: Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
ГАДНЫН ОРНУУДААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙН ГУРАВ ХОНОГИЙН ТУСГААРЛАЛТЫГ ЦУЦАЛНА
Гадаад орнуудаас ирж буй иргэдийн 3 хоногийн тусгаарлалтыг цуцаллаа. Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг УОК-т үүрэг болголоо.
ЗАМЫН-ҮҮД АВТОБООМТОД ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЛОО
Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас боомтын цогцолбор, гаалийн хяналтын бүс хүртэл ачаа тээвэрлэх 50-иас доошгүй чингэлэг хэрэгслийг түрээслэх, автомашины техникийн бэлэн байдлыг хангах, чингэлэг шилжүүлэх ачих талбайд нэвтрэх ажилтнууд болон төрийн тусгай албан хаагч жолооч нарыг тусгаарлах, тэдний амьдрах орчинд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулна.
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа.
Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13