Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Маргаашнаас эхлэн цахилгаан эрчим хүчийг хязгаарлана

Admin | 2023-12-13


ОХУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн 16:00 цагт ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг /"ВЕК" хувьцаат нийгэмлэг/-ээс Диспетчерийн үндэсний төвд мэдэгдэл ирсэн. 2023 оны 12-р сарын 13-ны өдрөөс эхлэн ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ 345 МВт хүртэл байсныг 150 МВт-аас хэтрүүлэх боломжгүй гэдгээ  бичгээр болон амаар мэдэгдлээ.

Хязгаарлалт хийх болсон үндсэн гурван шалтгаан дурдсан байна. Эхнийх нь, ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан байна. Эхний цахилгаан станцад 235 МВт-ын нэг блок эвдэрч, зогсжээ. Хэзээ эргэн ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй. Хоёрдугаарт 2023 онд мөн нэр бүхий станцад 250 МВт-ын хоёр блок буюу нийт 500 МВт-ын цахилгаан станцын шинэчлэл хийж байсан ажил ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын хэсэг газарт цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон гэж байна.

Тиймээс, маргааш өглөөнөөс эхлэн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас аргагүй асуудал үүслээ. Энэ талаар ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан. ЗГ-аас олон нийтэд мэдээлэх чиглэл өгсний дагуу Эрчим хүчний сайдын хувьд энэ мэдээллийг хүргэлээ" гэв.

Тэрбээр мэдээлэл хийж байхдаа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

"ВЕК" хувьцаат компани, манай Диспетчерийн үндэсний төв сүүлийн гаруй жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох гэрээтэй. Гэрээний нөхцөлөөр ОХУ өөрөө чадлын дутагдалд орсон бол нэг өдрийн өмнө урьдчилж мэдэгдээд эрчим хүч нийлүүлэх цагийн хязгаарыг урьдчилсан байдлаар тохирдог горимтой. Гэрээний энэ заалтын дагуу өчигдрөөс эхлэн энэ сарын 13-14-ний өдрүүдэд эрчим хүчний нийлүүлэлтийг 150 МВт дээш гаргаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)