Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар шуурхай мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намаас цаг үеийн асуудал, өвөлжилт, сүүлийн саруудад хөдөө аж ахуйн салбарт болж буй үйл явцад онцгойлон анхаарал хандуулахуйц нөхцөл байдал үүслээ. Орон нутагт өвөлжилт, цас, зудын байдал маш хүнд байна. Олон олон асуудлуудад шийдэл гаргах шаардлагатай байна. Монголын төр, Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд юу хий вэ, сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн чиглэлийн бодлого алдагдсан, байгалийн болоод аливаа эрсдэлд бэлэн биш байдлаас улбаалан түр зуурын аргацаасан бодлого шийдлүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүсээд байгаа цаг агаарын нөхцөл байдал иргэд малчдаас авч байгаа шалгалт биш монголын төрөөс авч байгаа шалгалт болж байна. Асуудлын учир шалтгаан хаана байна вэ гэвэл монголын төрөөс хөдөө аж ахуй, мал аж ахуйг зөвхөн өнөөдрөөр шийдвэрлэж маргааш, нөгөөдрөө бодохгүйгээр сонгуульд санал авах гэсэн бодлого хэрэгжүүлсний хор уршиг малчдад хүндээр тусаж байна. Өнгөрсөн хугацаанд суурин газрын иргэдийг, Улаанбаатарчуудыг махаар хангахын тулд малчдын махны үнийг буулгаж орлогогүй болгож, экспортод гарах боломжийг хаасан улс төрийн шийдвэрүүдийн үрээр малчид хашаа, хороо, саравчаа барих, өвс, тэжээлээ авах бэлтгэлгүй болж байна. Эцсийн дүндээ мөнгөгүй бол яаж, юугаар бэлтгэл хийх вэ? Урт болоод дунд хугацаанд монголын мал аж ахуйн салбарт бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхийг өнөөдрийн нөхцөл байдал шаардаж байна.Аливаа эдийн засгийн салбарт эрсдэл гарч байдаг. Үүний цаана даатгалын тогтолцоо байдаг. Гэвч монголын мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоо алга. Бүгдийг нь боомилчихсон, хаачихсан. Малчдын эрүүл мэнд, малчдын хоол хүнсээрээ авч байгаа илчлэг, эрүүл мэндэд ямар уналт бий болсон. Бодлогын томоохон өөрчлөлтүүд олон, олон зүйл дээр бид урьдчилан харах шаардлага тулгарч байна. Төсөвт яаралтай тодотгол хийх хэрэгтэй. Маш яаралтай хурдавчилсан арга хэмжээ авах шаардлагатай байна" гэв.
УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь "Ард иргэдэд болж буй үнэн бодит мэдээллүүдийг өгч, гамшгаас гарах арга хэмжээнүүдийг яръя гэж бодож байна. Олон нийтэд байнга худал мэдээллүүдийг явуулж байна. Монгол Улсад налгар сайхан намар болчхоод араас нь маш их хэмжээний цас 11-р сарын 4-ний өдөр орон даяар орсон. АН-ын бүлгийн гишүүд болон миний бие УИХ-ын чуулганд давхардсан тоогоор 30 гаруй удаа Засгийн газарт санал илэрхийлсэн. Отрын штаб байгуулах, малыг тарган байгаа дээр нь бойлох, малчдаас махыг нь хямдруулахгүй авах, өвс тэжээлийн фондыг аймаг, суманд нь дөхүүлэх гээд шаардлагуудыг хүргүүлсэн боловч өнгөрсөн 4 сарын хугацаанд эрх баригчид хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Хэлээд яриад л байхад юу ч хийгээгүй байж ихэнх мал үхээд дууссан хойно нь улс төрийн шинжтэй үйлдэл хийж байна. Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй шилэн зуд, төмөр зуд болж байна. Улсын хэмжээд 600,700 мянган мал үрэгдлээ гэж ичих ч үгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэлж байна. Гэтэл зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд сая гаруй мал үрэгдсэн, Зүүн бүсэд гэхэд л 2 сая гаруй тоо толгой мал үрэгдлээ. Эрх баригчид малчдыг хайрлана, энэрнэ гэхээс илүүтэйгээр улс төрийн шинжтэй үйлдлүүд хийж байна. 2016 оноос хойших Засгийн газар, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд малчдын эсрэг арга хэмжээ авсаар байна.
Малынх нь үнэ өсөхгүй бол тэр хүмүүс өвс тэжээлээ яаж авах юм бэ, 8 жилийн өмнө сонгуульд оролцохдоо боодол бохьны үнэтэй арьс ширийг үнэд оруулна гэчхээд өнөөдөр боодол бохь ч авч хүрэлцэхгүй хэмжээнд байна. Засгийн газрын зүгээс тусламж үзүүлье гэвэл хэдэн арваараа байлдааны машин, техникүүд байна. 11-р сарын 10-ний өдөр анхныхаа мэдэгдлийг хийж 30 гаруй удаа чуулган дээр ярьсан боловч нохой хуцсан чинээ тоож сонсохгүй байна. Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг очоод ямар хэрэгтэй вэ, яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна.
Яг одоо малчид өрөндөө баригдсан, үзүүлэх эмч нь байхгүй болчихсон, яндангаас нь өөр юм цухуйхаа байчхаад байхад яагаад иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ? Өнөөдрийн эрх баригчид 200 мянган малчдыг зориудаар ядуу түвшинд аваачсандаа уучлалт гуйж махных нь үнийг буулгахгүйгээр авах, тусламж үзүүлэх ёстой" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Малчид малаа алдсанаараа дан ганц малчид эрсдээд байгаа юм биш Монгол Улс тэр даяараа эрсдэлд орж байна. Хотын, хөдөөгийн монгол гэж байхгүй нэг л монгол бий. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгааг ярих болсон. Энэ олон малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр аргагүй. Тэр үед үүнээс хэд дахин өндөр зардал гарна. Дээрээс нь хотоос хөдөө рүү шилжих хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого яг эсрэгээрээ эргэхэд ойр байна. Улаанбаатарчууд яг одоо хөдөө орон нутагт байгаа, ах дүү, хамаатан садандаа туслах цаг ирсэн шүү. 2000 оны зуднаар Монголчууд Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдэл явсан, 2024 оны зуднаар энэ нүүдэл болоход маш ойрхон байна. Одоо зохицуулж чадахгүй байгаа Улаанбаатар хотын утаа, түгжрэл бүр ч илүү нэмэгдэх магадлалтай байна. Мал аж ахуй эрсдэлд орохоор ард иргэдийн махны хангамж, хүнсний асуудал, сүүний асуудал, хөнгөн үйлдвэрүүд хэрэглэдэг ноос ноолуур, түүхий эдээ хаанаас авах вэ гэдэг маш том асуудал бий болно. Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Хөдөө малчид үхсэн ганц ямаагаа өгөөд нэг боодол хивэг юм уу өвс төдий л авч байна. Гамшиг, гэнэтийн аюулын үед Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Тодорхой арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэе гэдэг байр суурь дээр байна. Монгол Улсын эдийн засгийг аварч үлдэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Тиймд бид тогтоолын төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан байгаа. Малаа алдсан, малаа үхүүлсэн малчдын сэтгэл санаа, эрүүл мэнд эрсдэлд орлоо. Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлачихсан байгаа. Малчид эрсдээд байгаа юм биш, Монгол Улс тэр аяараа эрсдэлд ороод байна. Одоо бид нэгдэж гамшгаас гарах, малаа алдсан малчдад төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр боломжгүй болно" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен "Намар цас эрт орж 10-р сард өвөлжөөнд орсон. Одоо цас метрээс 2 метр хүртэл зузаарчихсан байна. Цасан шуурга болсон сум хоорондын замууд бүрэн хаагдсан. Яаралтай арга хэмжээ авахгүй бол жирэмсэн эхчүүд, нялх нярай хүүхдүүд, отрын малчид зам хаагдсан учир тусламж үйлчилгээ авах нэн хүнд байна.
Малчдад туслах аяныг яаралтай хийж, Засгийн газраас хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай. Өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр ч биш үнэ төлбөргүй өгөхгүй бол мал үлдэхгүй нь. Баян-Өлгий аймгийн Булган суманд гэхэд л нэг тонн өвс 280 мянган төгрөг байна. Отроор явж байгаа иргэдэд 3 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулж байна.
Өвөлжөөнөөс хаваржаа хүртэл 200-250 км зайд нүүж байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар эдгээр асууудалд яаралтай тусламж үзүүлэн шийдвэрлэнэ гэж найдаж байна. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Монгол Улсын нийт газар нутгийн 80% цас, зудын аюул нүүрэлчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хорроодоор дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг санаачлаад байна. Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалдаг ард түмэн. Энэ ч үүднээс 2019 онд малчдадаа тусламж үзүүлж байсан бол 2020 онд ковидын их аюулын үед малчид маань нийслэл хотынхондоо хониор тусалъя аяныг хийж байсан. Сүүлийн 49 жил тохиож байгаагүй зуд тохиож байгаа тулд Ардчилсан нам бүтцийн хүрээнд гишүүдийнхээ зүгээс хандивын аяныг эхлүүлээд байна. Нэн яаралтай малчид дээрээ очиж хүрэх, нэн яаралтай тусламжуудыг үзүүлэн ажиллах шаардлага тулгарч байна. Нийт малчдын 50% нь ядуучуудын эгнээ рүү шилжиж байна гэдэг тооцоолол гарсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13