Д.АМАРБАЯСГАЛАН: Зудтай сумын нэг өрхөд 250 кг тэжээлийн будаа, 10 кг гурил, 5 кг цагаан будаа үнэгүй өгнө

Admin | 2024-02-28


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Засгийн газрын гишүүд зургаан багт хуваагдан орон нутгаар ажилласан. Энэ хавар өмнөх жилүүдээс хүйтэн байна гэсэн урьдчилсан дүн гарсан. 14 аймгийн 111 суманд төмөр болон цагаархуу зудтай байгаа. Энэ газруудад өвс тэжээл, гурил будааны дэмжлэг үзүүлэхээр болов. Эхний ээлжид ХХААХҮЯ-ны дэргэд тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад хоёрдугаар ээлжийн дэмжлэг болгож үнэ төлбөргүй хүргэж өгөх шийдвэр гаргаж байна" гэв.

Тодруулбал:

  • Төмөр зудтай сум тус бүрд 150 тонн тэжээлийн будаа
  • Цагаархуу зудтай сум тус бүрд 75 тонн тэжээлийн будаа өгнө. 

Тухайн сумын малчин өрхийн тооноос хамаарч нэг айлд хэдэн кг тэжээл хүргэж өгөх асуудал хөндөгдөнө. Бидний тооцооллоор дунджаар нэг айлд 250 орчим килограмм будаа буюу 50 килограммын таван шуудай тэжээлийг хүргэж өгөхөөр байна" гэв. 

Түүнчлэн малчдад хоол хүнсний тусламж хүргэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. Үүний тулд улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргах бөгөөд 111 сумын 117 мянган малчин өрх бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа өгөх юм байна.

Уг ажлыг Улсын Онцгой Комисс(УОК) болон орон нутгийн удирдлагууд хамтарч яаралтай хэрэгжүүлнэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)