Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх журмыг тусгасан хуулийн төслийг УИХ-д танилцуулахаар дэмжигдлээ

Admin | 2024-03-21


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцсэн байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан бөгөөд "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг 1992 оны тавдугаар сарын 8-нд баталсан. Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт орсон ч Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч өнгөрсөн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, хөгжлийн хурд, нийгмийн хэрэгцээг дагаж шүүх эрх мэдлийн бусад байгууллагын нэгэн адил Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэсэн байна.

Хуулинд Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулжээ. Мөн Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж олон улсын сайн туршлагыг төсөлд тусгасан нь онцлогтой аж.  

Түүнчлэн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлнэ гэж заасан байна. Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох журмыг тодорхой тогтоож, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгыг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 

Цэцийн нийт гишүүний хуралдааныг байгуулж, холбогдох бүрэн эрхийг олгох, Цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэнэ. Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байна.Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах, хамгаалахаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг төсөлд нарийвчлан тусгасан байна. Мөн олон гол санааг тусгасан хуулийн төсөл гэдгийг тодотгожээ.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдээс 54.5 хувь нь дэмжсэн байна.  Иймд  Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)