МАН-ын мөрийн хөтөлбөрт 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхээр зорилт тавьжээ

Admin | 2024-03-25


  УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Тэгвэл Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Улмаар МАН өнгөрсөн амралтын өдрүүдэд Бага хурлаа хуралдуулж, намын мөрийн хөтөлбөрөө баталсан.

    Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа намын удирдах албан тушаалтнууд 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 207 хороонд ажиллаж олон нийттэй биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж намын гишүүд, иргэд сонгогчдоос нийт 40 гаруй мянган саналыг авч нэгтгэсэн байна.

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Монгол Ардын Нам Засгийн газрын эрх баригч хүчний хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн улс орны эдийн засаг, нийгмийн байдалд өөрчлөлт авчирч чадахуйц томоохон төсөл хөтөлбөрийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл болгон боловсрууллаа. Ингэхдээ  УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хориг заалтыг даваагүй. 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлого дээр суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Учир нь Засгийн газрын санаачилгаар Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж УИХ 126 гишүүнтэй, бүсчилсэн сонгуулийн тойргийн системтэй байхаар томоохон өөрчлөлт хийсэн. Ийм өөрчлөлтийг хийсэн улс төрийн нам, Засгийн газрын хувьд энэхүү өөрчлөлт шинэчлэлт Монголд, ард түмэнд үр өгөөжөө өгөн, хүний хөгжлийг бодлогын цөм болгох ёстой гэсэн агуулга, үзэл санаагаар бүсчилсэн хөгжлийн реформыг бодитой болгох мөрийн хөтөлбөр боловсруулсан. 

Мөн түүнчлэн монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх чиглэлээр голчлон анхаарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. 2016 онд МАН Засгийн эрх авахад эдийн засгийн өсөлт нэг хувьтай, нэг хүнд ногдох ДНБ гурван мянган ам.доллартай тэнцэж байсан. Одоо нэг хүнд ногдох ДНБ зургаан мянган ам.долларт дөхөж очсон байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 74 их наяд хүрэх бодитой боломжтой болсон. МАН 8 жилийн хугацаанд Засгийн эрх барихдаа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг даруй хоёр дахин нэмэгдүүлж чадлаа. Манай мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг тавьсан мөрийн хөтөлбөр боловсруулсан. Ийнхүү ДНБ, эдийн засгийн өсөлт тогтвортой байх нөхцөлийг харгалзаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж Үндэсний аудитын газарт хянуулахаар өгч байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)