С.НАРАНЦОГТ: Ураны төсөл зогсоогүй. Ярилцаж зөвшилцөх асуудал олон байгаа учраас хэлэлцээрийн процесс дээр л явж байна

Admin | 2024-03-26


"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.

-Үндэсний баялгийн сангийн хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Олон жил яригдсан энэ хуулийн ажлын хэсгийг та ахалсан учраас ач холбогдлыг нь ярихгүй юу. Өмнөх төслүүдээс юугаараа онцлог болсон бэ?

-Монголын нийгэм, эдийн засаг, валютын нөөцөд уул уурхайн салбарын үзүүлж байгаа нөлөө их. Иргэдийн зүгээс шавхагдаж байгаа энэ баялгаас ард түмний амьдралд үзүүлэх нөлөө нь бага байна гэцгээдэг. Уул уурхайн баялгийг олон нийтэд яаж хүртээх талаар олон жил ярьж ирсэн. Үүний нэг нь “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн ч ногдол ашгийг нь ихэнх тохиолдолд хүртэхгүй явж ирлээ.

Тиймээс иргэдэд байгалийн баялгийн үр ашгийг баталгаатай, тогтмол байнга хүртээх сайн механизм юу байх талаар үе, үеийн Засгийн газар нэлээд ажилласан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн долоон төсөл боловсруулагдсан юм билээ. Энэ жил парламентад суудалтай намын бүлгүүдийн түвшинд концепцийн хувьд ойлголцож өргөн барьж батлуулах санамж бичиг байгуулсан. Миний ахалсан ажлын хэсэг өнгөрөгч тавдугаар сараас хойш хуулийн төсөл дээр ажилласан. Өнгөрсөн хугацаанд гурван удаа Засгийн газрын хуралд танилцуулсан. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон.

-Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд яаж хүртээхээр зохицуулсан бол?

-Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан “Засгийн газар төрийн болон төрийн өмчит компанийн 34 хувийг иргэдэд өгье” гэсэн гол концепци бий. Тиймээс энэ хуулийн гол агуулга нь төрийн болон төрийн өмчит компаниудын 34 хувийг иргэдэд шууд бусаар өгөхөд чиглэж байгаа. Хувьцаа өгөхөөр шууд эзэмшчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувьцаа бол иргэдийн өмч. Тиймээс нас барахаар өвлүүлэх, бэлэглэх, шилжүүлэх, шинээр төрсөн хүүхдэд яах вэ гэдэг иргэний болон өмчлөлийн олон асуудал хөндөгдөж хүндрэл дагуулаад байна л даа.

Ер нь хүн ам өсөхөөр тухайн компанийн засаглалд ч нөлөөлж эхэлнэ. Шууд хувьцаа эзэмшүүлэх нь олон талын хүндрэл дагуулаад байгаа учраас шууд бусаар олгохоор зохицуулсан. Ингэснээр төрийн эзэмшилд байгаа 34 хувьд ногдох ногдол ашгийг тэр чигт нь иргэдийн хуримтлалын санд нь хуваарилж өгье гэж байгаа юм.

Монгол Улс “Оюу толгой” төслийн 34 хувийг эзэмшдэг. 2023 оны тооцоогоор “Оюу толгой” компани 2037 оноос 2051 он хүртэл нийт гурван тэрбум ам.долларыг эхэлж ногдол ашиг хуваарилахаар төвлөрүүлнэ. Энэ мөнгө тэр чигтээ иргэдэд очно гэсэн үг.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 34 хувийн ногдол ашгийг иргэдэд хүртээнэ. Эрдэнэс Таван толгойн 28 хувийг эзэмшиж байгаа. Үүнд бид гарт хүрэхгүй. Учир нь хувьцаа шууд эзэмшлээр иргэдэд оччихсон. Тиймээс шууд эзэмшлээр бэлэн мөнгө авдаг тогтолцоо хөндөгдөхгүй, үргэлжилнэ. Иргэдийн өмч болчихсон зүйлийг засаг, төр хөндөх эрхгүй. Бид төрд байгаа 72 хувийнхаа 34-т ногдох ногдол ашгийг тэр чигт нь иргэдэд өгнө. Энэ агуулгаар цаашид шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийн ногдол ашгийг хуваарилна. Ингэхээр уул уурхайгаас олох орлого, уул уурхайн компаниудын ашигтай ажиллах, ногдол ашиг хуваарилдаг, иргэдээс ч энэ чиглэлд шахалт ирдэг, хуваарилсан тохиолдолд иргэд шууд хүртдэг зөв тогтолцоо бий болж байна гэсэн үг. Хуулийн үндсэн агуулга нь энэ. Нэлээд дэлгэрэнгүй байдлаар боловсруулагдаж байсан энэ хууль одоо маш товчхон, ойлгомжтой болсон.

-Эрдэнэт үйлдвэр ногдол ашиг яг хэдзээнээс тарааж эхлэх төлөвтэй байгаа вэ. Үр ашигтай ажиллаж байгаа юу?

-Ер нь үр ашигтай ажиллаж эхэлсэн. Ногдол ашгийг жил бүр тараана.

-Монголчууд байгалийн баялгаа биржээр арилжаалж эхэлсэн. Удахгүй зэсийн баяжмалыг арилжаална. Ер нь байгалийн баялгаа биржээр арилжаалж эхэлснээс хойшхи Монголын эдийн засаг, нийгэмд гарсан үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?

-Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХК-ийг анх байгуулахдаа газрын баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор байгуулсан. Энэ бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах чухал үүрэг “Эрдэнэс Монгол”-д бий. Манай бүрэлдэхүүн компаниудад 2023 онд хийгдсэн нэг чухал ажил нь Биржийн хуулийн хэрэгжилтийг хангасан. Ингэснээр экспортын бүтээгдэхүүний зарах үнэ нэмэгдсэн. Орж ирэх орлого ч нэмэгдсэн. Эрдэнэс Таван толгойн нүүрс оффтейк гэрээнээс бусад нь биржээр борлуулагдаж байна. Биржийн худалдааг цаашид олон улсын бирж рүү гаргах зорилго тавьж байгаа. Манай нүүрсний ганц худалдан авагч нь Хятад. Тиймээс Хятадын бирж дээр гаргах төлөвлөгөө байна. Ингэснээр үнэ цэн нь улам нэмэгдэнэ.

Нэгдүгээрт, газрын баялгийн борлуулалт ил тод болох ёстой. Өрсөлдөөнийг хангах ёстой, дотоодын болоод олон улсын биржээр нээлттэй борлуулах ёстой гэсэн бодлогыг бид барьж байна. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрүүд барьж, үнэ цэнийг нэмэгдүүлэх бодлого стратегиа боловсруулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээр ажлууд үе шаттай хийгдсэнээр шавхагддаг нөөц баялгийн үнэ нэмэгдэнэ. Ингэснээр Монголын төрд ирэх ашиг, татвар хураамж, ард түмэнд өгөх үр өгөөж төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг л дээ.

Манай зэсийн худалдаа олон улсын стандартаар явдаг. Лондоны металлын биржийн үнийг гэрээндээ суурь үнэ болгож ашигладаг. Тиймээс дэлхийн зах зээлийн жишиг үнээр арилжаалагддаг. Биржээр арилжаалж эхлээгүй учир хэлж мэдэхгүй байна. Би бол сайн үр дүн гарна гэж бодож байна. Манай түүхий эдийн хэрэгцээ шаардлага өндөртэй, авахыг хүссэн байгууллага олон байдаг.

-Улс төрийн том сонгуулийн дараа эдийн засагт сулрах нь түгээмэл байдаг. Удахгүй болох сонгуулийн дараа эдийн засаг, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ яах бол гэсэн болгоомжлол байна. Танайд байгалийн баялгийн дэлхийн зах зээлийн үнэ цаашид яаж хэлбэлзэх төлөвийн мэдээлэл байдаг байх?

-Өмнөд хөрш үл хөдлөхийн зах зээл болоод эдийн засгийн нөхцөл байдалд нь тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгаа. Манай улсын нүүрс, түүхий эдийн ихэнх нь өмнөд хөрш рүү гарч байгаа шүү дээ. Ер нь дэлхийн зэсийн хэрэглээний 50 хувь, нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг БНХАУ хэрэглэдэг учраас манай гол экспортын бүтээгдэхүүн нэг зах зээлээс хамааралтай нь үнэн. БНХАУ-д гарч байгаа өөрчлөлт манай зах зээлд нөлөөлөх бүрэн бололцоотой. Эхний улирлын гүйцэтгэлийг харахад 2024 оны төлөвлөгөө биелэх чиг хандлагатай байна. Ямар нэгэн өөрчлөлт одоогоор ороогүй байна.

Хоёрдугаарт, хэдийгээр Хятадын эдийн засагт нөлөө орж байгаа ч манай нийлүүлдэг бүтээгдэхүүний өмнөд хөршийн зах зээлд эзлэх хувь жаахан. Тиймээс гол хөршүүдтэйгээ стратегийн түншлэлийн хувьд хамтарч ажиллах, хамтын ажиллагааны хүрээнд зөв бодлого хэрэгжүүлснээр харьцангуй гайгүй. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байдаг компаниуд Монголын валютын нөөцөд голлох үүргийг гүйцэтгэж байгаа. Үүнд бид ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Үүний үр дүнд Монголын валютын нөөц түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн. Валютын ханшны дарамт дээр тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Бид экспортоо бууруулахгүй байхад маш их хичээж ажиллана. Экспорт буураагүй, валютын нөөц багасаагүй тохиолдолд ханш алдах тохиолдол харьцангуй гайгүй. Нөөц багасвал ханшны дарамтад орно. Нөөцөө тогтвортой барьж чадвал ханш тогтвортой байх боломжтой. Нөөцийг бүрдүүлэхэд “Эрдэнэс Монгол” болоод уул уурхайн компаниуд сайн ажиллаж байгаа.

-Уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд олон нийтийн хүлээлтэд байгаа. “Эрдэнэс Монгол” энэ чиглэлд юу хийж байгаа вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогод аж үйлдвэрийн сэргэлт туссан. Хүнд болон боловсруулах үйлдвэрт гарцаагүй “Эрдэнэс Монгол”, төрийн өмчит компаниуд үүрэг рольтой хийхгүй бол хувийн хэвшлийн компаниудад дэд бүтцийн шаардлага их байгаа. Цахилгаан, ус, тээвэр логистикийн төв гэхчлэн энэ бүхнийг хийхэд их хэмжээний зардал шаардлагатай.

Үйлдвэр баригдахад хоёр зүйлээс их хамаарч байна. Нэгдүгээрт, нөөц баялаг. Өөрөөр хэлбэл, тэр үйлдвэр түүхий эдээр найдвартай хангагдах ёстой. Хоёрдугаарт, дэд бүтцийн хангамж. Манай стратегийн зургаан том нөөц баялгийг эзэмшиж байгаа компаниуд үүнд манлайлах бололцоотой. Бид үйлдвэр технологийн парк, цаашлаад аж үйлдвэрийн кластер үүсгэхэд манай компаниуд манлайлж ажиллана. Ингэхдээ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийнэ. Хувийн хэвшлийн компаниуд дараагийн шатны үйлдвэрлэл явуулах, үйлдвэр барих боломжийг бид нээнэ.

Эрдэнэт үйлдвэрийн ажил урагштай явж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь 50-аас дээш хувьтай хийгдсэн. Үүнд зам, эрчим хүч, ус гол асуудал нь. Дархан төмөрлөгийн үйлдвэр бол металл ган боловсруулна. Хөтөлийн цементийн үйлдвэрт шохойн гол нөөц бий. Багануурт хүрэн нүүрсний том нөөцтэй. Тиймээс тэнд боловсруулж үйлдвэрлэл байгуулах боломжтой. Таван толгойд коксжуулж үйлдвэрлэнэ. Бид хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Стратеги эзэмшиж байгаа нөөц баялгаа аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болгож боловсруулна. Түүнийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн, түүний дараагийн шатны үйлдвэрлэл явуулах хувийн хэвшлүүд хөрөнгө оруулчихвал бид найдвартай хангана. Илүү гарсныг нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүний экспорт хийнэ. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний шат шатны үйлдвэрлэл явуулах бололцоо бүрдэнэ. Жишээлбэл, катодын зэс, ган бэлдэц нь аж үйлдвэрийн үндсэн түүхий эд байдаг. Үүнийг хувийн хэвшилд гаргаж, хувийн хэвшлүүдийн үйлдвэрлэл явуулах газар, дэд бүтэц, тээвэр логистикийн боломжоор хангаснаар үйлдвэрийн тоног төхөөрөмжөө авч ирж үйлдвэрлэл явуулж эхлэх боломжтой болно. Ийм маягаар хүнд үйлдвэр, боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэс суурийг тавих үүргийг гарцаагүй “Эрдэнэс Монгол” үүрч байгаа. Тиймээс дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө оруулчихсан ажиллаж байна.

-Гадаадын зарим хэвлэлээр ч тэр, ер нь олон нийтэд “Ураны төсөл зогслоо, Оросоос шахалт ирж байна” гэхчлэн мэдээллүүд гараад байна. Энэ мэдээлэл бодитой юу?

-Хүмүүс хардах эрхийнхээ хүрээнд ч юмуу, эсвэл санаатай, санаандгүй байдлаар иймэрхүү ташаа мэдээлэл явуулж байна. Хэлэлцээр явдгаараа явж байгаа. Таван ажлын хэсэг байгуулагдсан. 289 санал гарсан. Нэгдүгээрт, энэ бол шинэ салбар. Хоёрдугаарт, анхны хөрөнгө оруулалтын наана “Оюу толгой”-н төсөл маш их шүүмжлэл дээр явдаг. Тэр гэрээг байгуулсан хүмүүс өнөөдөр ч буруутгагдсан, яллагдсан зүйл ч бий. Уран бол энгийн ашигт малтмал биш. Цацраг идэвхтэй, хор хөнөөлийн асуудал яригддаг. Энэ төсөл газрын доор уусган баяжуулах учраас усны бохирдлын асуудал яригдаж байна. Энэ мэтээр ярвигтай асуудал. “Оюу толгой”-той харьцуулахад том төсөл биш ч, бидэнд шинэ замыг нээсэн, олон асуудлыг тооцож үзэх шаардлагатай төсөл гарч ирж байгаа юм. Тиймээс үүн дээр ярилцаж зөвшилцөх асуудал олон бий. Үүнээс гадна зарчмын үндсэн хэдэн асуудал дээр санал зөрөлдөж байгаа зүйл ч бий. Иймээс хэлэлцээр хийгдэх процесс дээр л яваад байгаа юм.

-УИХ-аар батлагдах ёстой тогтоолын төсөл хэзээ өргөн баригдаж, хэлэлцэгдэхээр байгаа вэ. Та ажлын хэсэгт нь байдаг учраас мэдээлэлтэй байгаа байх?

-Анх арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-д тогтоолын төслийг өргөн барина гэсэн нэлээд өөдрөг бодолтой байсан. Хэлэлцээрийн ажлын хэсэгт мэргэжлийн байгууллага, яамд, салбарын экспертүүдийг оруулж ажиллаж байгаа. Нарийн асуудалд гүнзгий орохоор ярих, бодох асуудал зөндөө байна. Бидэнд Монголын эрх ашиг, эдийн засгийн үр өгөөж, хор хөнөөл аюулгүй байдлын асуудалд болгоомжтой хандах ёстой. Алдаа гаргах эрхгүй. Тиймээс нухацтай хандаж байгаа. Хэвлэл мэдээллээр ч юм уу, ямар нэгэн байдлаар шахалт үзүүлж түүгээрээ асуудлыг хурдан шийдчих болов уу гэсэн бодлого байхыг үгүйсгэхгүй. Бид үүнд хөнгөн хуумгай хандъя гэж бодохгүй байгаа. Зарчмын асуудлаа барина. Мэдээж УИХ-аар хэлэлцэх, соёрхон батлах зүйлүүд нь бидний эрх мэдлийн асуудал биш. УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тогтоолын төсөл өргөн барих нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал.

Дэд ажлын хэсгүүдийн хэлэлцээр үндсэндээ дуусах шатанд яваа. Тиймээс бид үүнийг дуусгаад Засгийн газрын үндсэн ажлын хэсэгт хүлээлгэж өгнө. Засгийн газарт “Ийм асуудлуудыг ийм байдлаар тохирлоо. Энэ асуудлуудыг тохирч чадахгүй байна. Үүний сайн, муу үр дагавар нь ийм байна” гэдгийг танилцуулна. Засгийн газар үүн дээр үндэслэж “Энэ хэлэлцээрийг явуулъя. Тохиролцсон асуудлууд болж байна” гэж үзвэл цааш явуулна. Болохгүй байна гэвэл мэдээж “Та нар энэ асуудлуудаа эргэж харах ёстой. Тохиролцох ёстой” гэдэг зүйл яригдах байх.

Гуравдугаарт, Засгийн газраас байгуулагдсан сайд нар орсон үндсэн ажлын хэсэг бий. Үүнээс гадна татвар, эдийн засаг, хууль эрх зүй, байгаль орчны чиглэлийн гадны зөвлөх компаниас зөвлөх үйлчилгээ авах ёстой. Өмнөх ажлын хэсэг нэлээд судалгаа, сонгон шалгаруулалт хийсэн. Түүний дагуу хууль эрх зүй, санхүүгийн чиглэлээр зөвлөх компаниудаа сонгож гэрээ байгуулаад ажил хийгдэж байна. Байгаль орчны чиглэлээр хариуцсан яамд, сайдын чиглэлээр компаниуд сонгогдож ажиллаж байгаа. ХЗДХ-ийн яамны чиглэлээр хууль эрх зүйн, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны чиглэлээр бид санхүүгийн зөвлөх үйлчилгээ авч байна. Байгаль орчны яам дээр гэрээ байгуулагдах процесс яваа. Тэнд хүндрэл гарсан, шалтгаанууд байх шиг байна лээ. Зөвлөх компанийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад яах аргагүй цаг хугацаа орно. Энэ бүрийн дараа гэрээ эцэслэх боломжтой болж байгаа.

Хэлэлцээр тасралтгүй үргэлжилж байгаа. Процесс нь шуудхан явчихаж болохгүй байгаа учраас цаг орж байна. Үүнийг зарим хүмүүс ашиглаж “Гэрээ удааширч байна. Хийхээ больчихсон. Оросууд нөлөөлж байна” гэхчилэн янз бүрийн зорилгоор худлаа мэдээлэл явуулаад байх шиг байна. Ямар нэгэн гацсан зүйл байхгүй. Хийгдэх ёстой ажлууд хийгдэж байна. Мэдээж төлөвлөгдөөгүй асуудлууд гарч ирж байгаа юу гэвэл гарч ирж байгаа. Гэрээ хэлэлцээр зогсоод, болиод, хойшилсон зүйл байхгүй.

-Зургадугаар сард болох сонгуулиар Монголын улс төрд өөрчлөлт гарна. Том төсөл удаашрах, гацах вий гэсэн болгоомжлол байна. Мэдээж та бүхний эрх мэдлээс хэтэрсэн зүйл ч өөр эрх баригч гарч ирсэн ч хоёр талын ажлын хэсэг төслийг тогтвортой үргэлжлүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Ер нь нөгөө талаа нэлээд шахаж байгаа. Хэлэлцээр хурдан дуусахад хөрөнгө оруулагч тал их хамааралтай байгаа. Өөрөөр хэлбэл, бид юм бүхэн дээр хатуурхахгүй. Аливаа гэрээ хэлэлцээр 50:50 хувьтай явдаг. Нэг нь дандаа тулгаад байж болохгүй. Нөгөө тал нь нэгнийхээ саналыг хүлээж авахгүй үгүйсгээд байж болохгүй шүү дээ. Тиймээс 50:50 үзүүлэлттэй байвал хэлэлцээр амжилттай явж байна гэж үзэх ёстой. Одоогоор 50 хувьтай явж байгаа. Гэхдээ үндсэн чухал асуудал гэж бий. Өөрөөр хэлбэл, ганц энэ төсөлтэй холбоотой биш. Жишээлбэл, АМНАТ тооцох аргачлал, АМНАТ-д инфляц тооцох асуудал яригдвал ганцхан энэ төсөлд биш, бусад бүх төсөлд хамаатай. Монгол Улсын эрх ашигт том нөлөө үзүүлэх асуудлуудад бид үндсэн байр суурь дээрээ маш хатуу зогсоно. Энэ асуудалд буулт хийх эрх бидэнд байхгүй. Тэгэхээр зарим тодорхой асуудалд Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгээгүй тохиолдолд бидэнд буулт хийх боломжгүй. Ийм тодорхой хэдэн асуудал бий. Тиймээс энэ асуудлыг танай тал хүлээн зөвшөөр, тэгвэл хэлэлцээр урагшлах бололцоотой гэж шахаж байгаа.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)