УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулжээ

Admin | 2022-01-12


Өнөөдөр Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөр.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль төрийн тогтолцооны иж бүрэн шинэчлэлийг хийж, хүний эрхийг дээдэлсэн, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндэс суурийг тавьсан.

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухайн өдрийн морин цагт буюу 11:40 цагаас улс даяар даган мөрдөж эхэлсэн юм.

Энэхүү нэмэлт өөрчлөлт нь засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж байлаа.

Авлигатай тэмцэх газраас авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын даргад хүргүүлсэн багц саналын нэг нь “УИХ-ын гишүүдийн ёс суртахуун, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх” санал байв.

Парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваагийн санаачлан боловсруулснаар УИХ-д өргөн барьсан саналын дагуу УИХ-ын гишүүдийн тангаргийн үг болон тангараг өргөх дэгт зарим өөрчлөлт орсон.

Ард түмний элч болсон УИХ-ын гишүүний үг, үйлдэл, үйл ажиллагаа бүр нь нийт ард түмний байнгын хараа хяналтад байж, шударга ёс, хууль ёс бодитоор хэрэгжиж байгаа эсэхийн баталгаа, нэгэн шалгуур болдог тул энэхүү үүрэг хариуцлага, манлайллыг УИХ-ын гишүүн нь тангараг өргөсөн эхний өдрөөсөө ухамсарлан мэдэрч байвал зохилтой.

УИХ-ын дарга Г.Занданшатар “АТГ-аас авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлдэггүй байх, мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, АТГ-ын салбар, нэгжийг орон нутагт байгуулах, Улс төрийн намын санхүүжилтийн механизмыг ил тод, хариуцлагатай болгох зэрэг хэд хэдэн санал ирүүлсэн. УИХ-ын гишүүдийн ёс суртахуун, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго. Төрийн түшээд, УИХ-ын гишүүд маань шударга ёс, сахилга хариуцлагаа дээрээсээ ингээд үлгэрлээд эхэлбэл доор шударга ёс тогтоно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулсан АТГ-ын саналыг дагалдах органик хуулиудад оруулахаар төлөвлөж байна” гэж хэлсэн.

Тиймээс УИХ-ын гишүүний тангаргийн үгийг “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж өөрчилсөн. 

АТГ-аас хүргүүлсэн санал холбогдох хуульд тусгагдан батлагдсанаар 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүд дээрх өөрчлөлт бүхий тангаргийн үгийг уншиж өргөсөн билээ.    

Авлигын эсрэг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Авлигатай тэмцэх газрын албан хаагч томилогдсон даруйдаа "Авлигатай тэмцэх газрын ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” хэмээн заасан байдаг.

Авлигатай тэмцэх газар болон түүний ажилтан, албан хаагч нь зөвхөн Үндсэн хуульд тангараг өргөдөг нь тус байгууллагын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын нэгэн илэрхийлэл болдог юм.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)