Санаатайгаар ХҮН ДАЙРСАН Соёлын сайдын ААВД хууль үйлчилсэнгүй

Admin | 2024-05-02


   Олноо “Гацуурт”-ын эзэн хэмээн танигдсан Л.Чинбат одоогоос жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт өөрийн жолоодож явсан “Тоёота ланд круйзер” автомашинаараа нутгийн иргэдийг хөөж, дайрсан хэрэг гарсан. Энэхүү хэрэг олон нийтийн дургүйцлийг нэлээд хүргэсэн. Тэгвэл "Гацуурт"-ын Л.Чинбатын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан гэж, мөн олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргасных нь төлөө бусдыг гүтгэсэн хэмээн зүйлчилж шалгаж эхэлсэн байдаг.

Гэвч өнгөрсөн сарын эхээр болсон Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсгийн “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Харин автомашинаараа иргэдийг хөөж, дайрсных нь төлөө үүсгээд байсан хүний амийг хөнөөхөөр завдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Газар тариалангийн салбарт насаараа ажиллаж Хөдөлмөрийн баатар цолонд хүртэл хүрч Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээгээд байсан эрхэм нэг л өдөр том жийп машинтайгаа гарч ирээд санаатайгаар хүн хөөж дайрсан байхад уг хэргийг хууль хяналтын байгууллага хэрэгсэхгүй болгочихов.

Л.Чинбатын хувьд газар тариалангийн салбарыг атгаад зогсохгүй хэвлэл мэдээллийн салбарт "HD Mongol" телевиз байгуулж төрсөн охин Ч.Номиндоо даатгасан. Улмаар Ч.Номин тус телевизийн туршлагаараа өндөрт шидэгдэж Монголын соёлын салбарыг удирдах Соёлын сайд болоод буй.

Нэгэнт өндөрт хүрсэн хүн олны хараанаас бултана гэж үгүй. Түүний хүн дайрсан үйлдлийг олон нийт нэлээд шүүмжлэлтэй хүлээж авсан. Үүгээр ч зогсохгүй хүн дайрсан Хөдөлмөрийн баатар маань халаглаж, гэмшихийн оронд "Нэг нь утсаар цацачихсан л даа" гээд хээвнэг инээд хөөр болгоод сууж байсан бичлэг цацагдаж хэсэгтээ л олон нийтийн эгдүүцлийг хүргэж байв. 

Ингээд дууссаннгүй. Хөдөлмөрийн баатар маань худал мэдээлэл тараасан гэх ганцхан зүйл ангиар шалгуулж байлаа. Тэгвэл өчигдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ” цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Ингэхдээ Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ. Үндсэндээ хоёрхон сар Хан-Уул дүүргээс гарахгүй байх шийдвэрийг шүүх гаргасан гэсэн үг. Санаатайгаар хүн дайрсан тохиолдолд зайлшгүй хуулийн хатуу хариуцлага хүлээх заалттай. Мөн худал мэдээлэл зориуд санаатайгаар тараасан бол бас л хуулийн зохих хариуцлага хүлээх ёстой. Гэвч эрхэм Хөдөлмөрийн баатар аргагүй л нэр хүндтэй, нөлөөтэй хүн бололтой. Санаатайгаар машинаараа хүн хөөж дайрчихаад, дээр нь орон нутгийн иргэдийн нэр хүндэд халдчихаад хоёрхон сар гэртээ хоригдох шийтгэл хүлээж байдаг. Тэгээд бүр бүхэл бүтэн улсын Соёлын салбарыг хариуцсан сайдын аав гэж байгаа. Өөр улс оронд бол охин нь аавынхаа хийсэн үйлдэлд гэмшиж албан тушаалаасаа огцорч, хэргийн эзэн маань Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ хураалгаж, хуулийн дагуу ял шийтгэл хүлээнэ. 

Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна гэж үү...

 

                                                                                                                                                                                                                                                            Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)