Зурхайч лам Д.ЦОГТБААТАР: Энэ жил залууст болон дунд суудалтанд сайн. Төрийн өндөр албан тушаалтанд халгаатай

Admin | 2022-01-28


XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн өнгө ямар байх талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Жил бүрийн сар шинийн өдрийг зурхайчид өөр өөр өдрөөр хэлж хоорондоо маргадаг. Энэ жилийн хувьд тийм зүйл ажиглагдсангүй. Тэгэхээр товлогдсон ёсоор хоёрдугаар сарын 2-ны өдөр шинийн нэгэн таарч байна уу?

-Түүхийг ард түмэн бүтээдэг. Цагаан сарын баяр маань Монгол үндэстний оршин тогтнох хийгээд Монгол улс байхын нэгэн бэлгэ тэмдэг болсон баяр юм. Монгол цустай хүн бүр цагаан сарын баяраа дээдэлж, уламжлалт баяраа тэмдэглэсээр ирсэн. Тийм учраас цагаан сарын баяр бол талцах биш нэгдэж нягтрах бас нэг үндэс гэж ойлгох хэрэгтэй. Энэ жилийн цагаан сарын хувьд битүүний өдөр нь хоёрдугаар сарын 1-нд, шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.

-Энэ жилийн хувьд XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жил гарч байна. Уг нэршлийг зурхайн талаас тайлбарлавал?

-Уг нэршлийг ёгт нэр гэж хэлдэг. Мөн бэлгэдлээ бодож ёгт нэршлийг өгдөг. Энэ жилийн бар жилийн бэлгэдлийн хувьд ноён нуруу талаасаа улс эх орон болоод хүмүүсийн ноён нурууг бэлгэдсэн. Харин ус гэдэг нь суурь чанартай бэлгэдэл. XVII жарны гэдэг маань 60 жилд нэг тохиож буй буюу бар жил маань 17 дахь удаагаа тохиож байна гэсэн үг.

 -Ер нь бар жил зурхайн өнгөнд ямар онцлогтой байдаг вэ?

-Тухайн жилд гарч буй жилээ шинжиж үздэг зурхайн олон зурлага бий. Тэр нь тухайн жилийн хаан гараг, түшмэл гараг, эзэн гараг, жилийн од, цасан чихрийн амт, шороо үхрийн зурлага гэх мэт олон зурлагаар гарц буй жилээ шинждэг уламжлалтай. Монгол түмний уламжлал болгон шүтэж ирсэн зурлага нь шороо үхрийн зурлагаар тухайн жилээ шинжсээр ирсэн. Хуучин цагт хүрээ хийдэд тухайн жилийнхээ өнгийг шороон үхрийн зурлагаар зурж үүдэн дээрээ хаддаг байсан гэнэ лээ. Шороо үхрийн зурлага, үхэр хариулагчийн зурлага гэж 2 ерөнхий зурлага бий.

-Энэ жилийн зурлагын шинжийг ерөнхийд нь дүрсэлбэл?

-Энэ жилийн хувьд шороо үхрийн зурлага нь үхрийн толгой, шийр, ногт бурантаган хөх өнгөтэй. Үхрийн бие цулбуур ногоон өнгөтэй, ходоод нь цагаан, эвэр чих сүүл нь шар, омхуу, туурай нь улаан, амаа ангайсан сүүлээ зүүн тийш шарвуулсан байна. Үхэр хариулаачnaн хувьд царай нь хөх өнгөтэй, дээл нь шар бүс нь ногоон малгайнхаа баруун чихийг буулгаж, зүүнийг сөхсөн, гэзэг үсээ зүүн чихний араар баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой, унгасаар томсон, бургасан иштэй шар шилбүүр барьсан хүч чадалтай идэр залуу үхрийнхээ баруун талд хөл нүцгэн тайван алхаж явна гэж үндсэн зурлагад буужээ.

-Дээрх үндсэн зурлагаа шинжиж үзвэл?

-Энэ жилийн зурлагын шинжвэл залууст буюу дунд суудалтанд сайн. Төрийн албыг хашиж буй дунд шатны албан хаагчдад сайн гэсэн үг. Нялхаст буюу түмэн олонд дунд. Мөн ард иргэдийн амьдрал төвшин амгалан буюу тогтворжино гэж гарсан. Өвгөд буюу өндөр суудалтад муу. Төрийн өндөр албан тушаалтад жаахан халгаатай байж магадгүй. Улс орон амгалан жаргалтай болно. Ард иргэдийн ажил үйлс нь бүтэмжтэй, үр ашид дэлгэрэх машид сайн буюу ирэх жил маань тайван сайхан жил орох нь. Гэвч дээдэст буюу дээд албан тушаалтныханд гэм ихтэй буюу гэм буй. Хүн мал амгалан боловч хий өвчин дэлгэрэх нягууртай.

-Цаг уурын хувьд ямархуу төлөвтэй жил байх вэ?

-Цаг уурын хувьд жилийн эхээр гандуу, хавар зуны улиралд салхи шуурга ихтэй. Өндөр уул нуруунд хур их орох, газар усны аюул их гарах тул анхаарах хэрэгтэй. Өвс мод, цэцэг ургамлын ургац арвин буюу машид сайн гарна. Ерөнхийдөө малд сайн хүнд дунд зэрэг жил орох нь.

-Жил орлоо гэж ярьдаг. Энэ жилийн хувьд бар жилтнүүд юуг анхаарвал зүйтэй вэ?

-Махбодын зурлагаас хамаарч хэдний жил орж байгаагаас шалтгаалж өөр өөр байдаг. Мөн хүнд жил, хөнгөн жил орох нь хэдний жил орох гэж байгаагаас хамааралтай. Бар жил гэдэг маань 13-ны, 25-ны, 37-ны, 49-ны гэх мэт цаашаа үргэлжлээд жилүүд орно. Жишээ нь 13-ны жил нь орж байгаа буюу 2010 онд төрсөн хүүхдүүдийн хувьд бие махбод хямрах буюу эрүүл мэнддээ анхаарах, бие өвдөж болзошгүй гэсэн төлөв гарсан байна. Энэ мэтчилэн өөр өөр зурлагатай байдаг. Харин жил орсны засал гэж бүх бар жилтнүүд хийлгэдэг ёстой.

-Монголд ковид гараад 2 жил гаруй болж байна. Монголчууд бид сүсэг бишрэлтэй ард түмэн. Таны хувьд сүсэг бишрэл талаасаа ковидийг хэзээ бүрэн намдана гэж бодож байна?

-Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Тиймээс бид сайн сайхан зүйл бодож байх хэрэгтэй. Ковидын хувьд энэ жилдээ намжиж арилна гэж хүн бүр бодож залбирах хэрэгтэй.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)