ЦӨЛЖИЛТ НЬ ЗӨВХӨН НЭГ УЛС ОРНЫ АСУУДАЛ БИШ

Admin | 2024-06-17


ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР

Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь доройтолд өртөөд байгаа. Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ. Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм.

Ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирах үзэгдлийг “Цөлжилт” гэдэг. Монгол улсад цөлжилт эрчимтэй явагдаж, цөлийн бүс хүрээгээ тэлсээр байна. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилтөд өртсөн. Үүнээс хүний буруутай үйлдэл 87%, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн хүчин зүйлсээс шалтгаалсан нь 13%, газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг нь манайх. Сүүлийн 80 жилийн уур амьсгалын ажиглалтаар Монгол орны хэмжээнд дундчилсан байдлаар жилийн агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 8 хувиар буурчээ.

Ой модны хууль бус ашиглалт, хүнд үйлдвэрүүд, хөрс хуулалт, элс, хайрга олборлолт, хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн газрын талхагдал, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, хөрсний бохирдол зэрэг нь газрын доройтол, цөлжилтөд хамгийн ихээр нөлөөлдөг. 

Тухайлбал 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш модны хууль бус наймаа, ойн түймэр, уул уурхайн үйл ажиллагаа, түлшинд зориулж зөвшөөрөлгүй ашиглах зэрэг нь ойн бүсийг их хэмжээгээр доройтолд оруулсан.

Мөн олон жил бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж талхлагдуулсан нь цөлжилтийг улам эрчимжүүлжээ. 

МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫГ (COP17) ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Монгол Улс  цөлжилттэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар хичээж байгаа. 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улс Европын холбоотой ойн салбарын тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс Европын холбооны Ойн түншлэлд нэгдэн орсон Азийн анхны орон болсон юм. Түүнчлэн, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус хурлыг зохион байгуулж байгаа нь цөлжилтийн асуудлаар дэлхийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэх, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтой хэмээн холбогдох албаныхан, мэргэжилтнүүд үзэж байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. 

Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод буй. Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг БОАЖЯ-аас хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)