Монгол ба Орос: Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь

Admin | 2024-08-23


   Барууны орнууд Оросын эсрэг хориг тавихдаа эдийн засгийг нь сөхрүүлнэ хэмээн тооцоолсон байх. Гэвч тэгсэнгүй. Эдийн засгийн хориг тавьж Европын орнуудтай харилцаагүй болсон нь бүр эерэгээр нөлөөлөв үү. Оросын үйлдвэрлэл, аж ахуй улам хөгжиж,  харин Европын орнууд  өөрсдөө хүнд байдалд орсон. Украйны эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхэлсэнээс хойш Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг  улам чангарсан. Нөхцөл байдал амаргүй хэдий ч  ОХУ нь  түншүүдтэйгээ харилцаагаа улам хөгжүүлээд зогсохгүй харилцан ашигтай хамтын  ажиллах чаддаг болохоо  харуулж байгаа талаар зарим судлаачид онцолж байна.

Монгол улс нь Евразийн эдийн засгийн холбоо, БРИКС, ШХАБ зэрэг байгууллагуудад нэлээд болгоомжтой ханддаг. Эдгээр олон улсын байгууллагуудтай нягт хамтраваас “гуравдагч хөршүүд” нь ОХУ-ын талд орсон хэмээн үзнэ гэж манай эрх баригчид болгоомжилдог. БРИКС болон ШХАБ  нь биеэ даасан байгууллага бөгөөд  барууны эсрэг бодлого баримталдаггүй. Тус байгууллагууд нь улс орны дотоод хэрэгт оролцохгүй, олон ургалч үзлийг дэмжих зарчимтай. Тиймээс ч дээр дурдсан байгууллагуудтай хамтрах нь манай улсын үндэсний эрх ашигт нийцээд зогсохгүй, тогтвортой хөгжилд эерэгээр нөлөөлнө.

Монгол, Оросын үр ашигтай хамтын ажиллагааны нэг жишээг дурдваас Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран хэрэгжүүлсэн ажлууд.  Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны  хооронд хэлэлцээр байгуулах ажил эцсийн шатандаа  орсон бөгөөд энэ нь Москватай харилцаагаа өргөжүүлэх нэгэн боломж. Оросоос Моонголд хөнгөлөлтэйгээр нийлүүлэх 375 нэр төрлийн барааны жагсаалтыг гаргасан бөгөөд үүнд нефтийн бүтээгдэхүүн, нефтийн хими,  нарийн боов, сүүн бүтээгдэхүүн мөн  “Орос-Монгол-Хятад” эдийн засгийн коридорын хөтөлбөрт орсон тээврийн хэрэгсэл багтсан.

2024 оны 7 дугаар сард  Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр  хоёр улсын төрийн тэргүүнүүд У.Хрэлсух, В.Путин нар уулзсан нь  хоёр орны харилцаанд бас нэгэн нааштай  алхам болсон гэж үзэж буй. Хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн чухал салбар нь эрчим хүч гэдэг дээр ч төрийн тэргүүнүүд санал нэгдсэн.  Цаг агаарын өөрчлөлтийн улмаас нэлээд асуудалтай тулгараад буй Монгол Улсад ОХУ буцалтгүй тусламж үзүүлэх асуудлыг дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн. Тодруулбал эрчим хүч, улаан буудай нийлүүлнэ. Монгол Улсын  Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээний төсөл  бараг дуусч байгаа. Энэ нь манай хоёр улсын харилцаанд бас нэгэн нааштай алхам болно.

Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын хамтын ажиллагаа бүхий л салбарт хөгжиж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсух  дурдсан. Манай талаас “Транзит Монгол” төсөл болон УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүлж,  эдийн засгийн коридорыг идэвхжүүлэх зорилгоор төмөр замын нэмэлт шугам барих асуудалд нэлээд анхаарч байгаа. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаанд нааштайгаар нөлөөлах юм. Эдгээр зорилтуудыг биелүүлэхийн тулд  Оростой янз бүрийн түвшинд яриа хэлэлцээ хийх шаардлагатай.

Дорнын эдийн засгийн чуулганы үеэр яриа хэлэлцээ хийх нь хамгийн тохиромжтой. Тус чуулган энэ жил  уламжлалт ёсоор есдүгээр сарын эхээр Владивосток хотод болно. Энэ үеэр Монгол, Оросын хилийн бүс нутгуудын хамтран ажиллах боломжуудын талаар яригдана.

2023 он болсон  Дорнын эдийн засгийн чуулганд  Монгол улсаас Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч А.Оверчук болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Левитин нартай уулзсан. Тэд Монголоос Орос руу бараа экспортлоход тулгарч буй  асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрт хүрсэн байдаг. Монголын төлөөлөгчид мөн Оросын “РЖД”, “Интер РАО-экспорт” болон “Газпром” зэрэг төрийн өмчит компаниудийн төлөөлөгчидтэй уулзсан.

Үүнээс үзэхэд Монголын төлөөлөгчид Дорнын эдийн засгийн  чуулганд оролцох нь ашигтай бөгөөд энэ арга хэмжээ нь хамтын ажиллагаагаа улам үр өгөөжтэй болгож, тулгамдсан асуудлыг  шийдэх боломжийг олгох юм. Энэ жил манай улс Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганд төлөөлөгчидөө оролцуулж У.Хүрэлсух, В.Путин нарын ярилцаж тохиролцсоныг ажил хэрэг болгож  харилцаагаа улам гүнзгийрүүлэхэд анхааран ажиллах болов уу.

Д.Цэрэнсамбуу

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)