Өмгөөллийн “Номун түншлэл” ХХК-ийн хуульч, өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцлаа. Тус хуулийн фирм гэр бүлийн хүчирхийллийн талаар сонирхолтой судалгаа хийсэн байна.
-Танай хууль зүйн фирм нийтийн эрх ашгийг хамгаалах өмгөөллийн төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Манай хууль зүйн фирм 2021 онд Нээлттэй нийгэм форумаас зарласан хохирлыг нөхөн төлүүлэх тогтолцоо төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас учрах сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх” чиглэлээр стратегийн өмгөөллийн ажлыг 2021 оны долдугаар сараас хойш эхлүүлээд, төлөвлөгөөний дагуу явж байна. Манай төслийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үнэ төлбөргүйгээр сэтгэл санааны хохирлыг нь гаргуулахад тууштай ажиллаж, нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад жишиг болох шүүхийн шийдвэр гаргуулахад чиглэгдэж байна. Энэхүү төсөл маань нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад жишиг болох шүүхийн шийдвэр гаргуулах хүртэл хугацаанд үргэлжлэх юм.
-Яагаад заавал гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас учрах сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн чиглэлийг барих болсон бэ?
-Манай хууль зүйн фирмийн хувьд өмгөөллийн үндсэн ажлаа гүйцэтгэхээс гадна сургалт, судалгааны чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Нээлттэй нийгэм форумын дэмжлэг, туслалцаатайгаар 2020 онд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн практик сэдвээр судалгааны ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Энэхүү судалгааг гүйцэтгэж байх үед шүүх иргэний сэтгэл санааны хохирлыг хангаж шийдвэрлэхгүй байгаа маш олон кэйс, шийдвэрүүд судлагдаж байсан. Гэтэл бусад улс орнуудад сэтгэл санааны хохирлын асуудлыг шүүхийн практикаараа шийдвэрлэж, тогтсон үнэлгээ, хууль тогтоомжтой явж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл нь нийгэмд ихээхэн хор хөнөөлтэй гэмт хэргийн нэг мөн.
-Хор хөнөөл эсвэл гэмт хэргийн үүднээс олон улсын тодорхойлолт гэж байдаг уу?
-Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх нэг үндэслэл нь тухайн сэтгэл санааны хохирлыг учруулж буй үйлдэл нь ноцтой, зэвүүцмээр байх ёстой байдаг талаар олон улсын судалгаануудад ихээхэн дурддаг. Иймд бидний зүгээс гэр бүлийн хүчирхийллийг ноцтой, зэвүүцмээр үйлдэл гэж үзэж, тодорхойлсон. Энэ бол нэг л гэмт хэргийн хувьд шүү дээ. Цаана нь ноцтой зэвүүцмээр олон үйлдэл бүхий гэмт хэргүүд, үйлдлүүд бий. Үүнийг үгүйсгэхгүй. Тоон мэдээллээс харахад 2017 оны 07 сарын 01-ээс 2020 оны хооронд Монгол Улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг 751 удаа цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хэдийгээр жил ирэх тусам энэ хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа боловч ихэнх тохиолдолд ахуйн хүрээнд үйлдэгддэг, нуун дарагдуулдаг зэрэг шалтгааны улмаас тоон мэдээлэл бүрэн, үнэн зөв гарч чадахгүй байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс гадна гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндэх гэмт хэрэг жил ирэх тусам ихсэх үзүүлэлттэй байна.
-Судалгаагаар нарийн тоон мэдээлэл гарсан уу?
-Тухайлбал, 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 хүн амиа алдаж, 953 хүн гэмтэж, иргэдэд 928.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх онтой харьцуулахад нас барсан хүн 2.3 дахин, гэмтсэн хүн 30.2 хувь, учирсан хохирол 54.7 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн ихэнх хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Мөн энэ гэмт хэргийн улмаас олон иргэд сэтгэл санаагаараа маш их хохирч үлдэж байна. Иймд энэхүү гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх стратегийн өмгөөллийг хийх шаардлагатай, уршиг шийдвэр гаргуулсан тохиолдол нийгэмд ач тустай гэж үзсэн.
-Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгддэг вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр баталсан. Энэхүү хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг маш тодорхой зааж өгсөн байдаг юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн хэлбэртэй байхаар хуульчилсан. Хүчингүй болсон 2004 оны тавдугаар сарын 13-ны өдөр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд мөн адил гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэж тусгасан байсан. Гэхдээ тус хэлбэрүүдэд ямар тохиолдол, шинжүүд хамаарахыг зааж өгөөгүй байсан юм. 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүдийг тодорхойж өгснөөрөө ач холбогдол ихтэй юм. Тухайлбал, сэтгэл санааны хүчирхийлэлд хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг ойлгож, хэрэглэж байна.
-Манай улсад сэтгэл санааны хохирлыг гаргуулах ямар зохицуулалтууд байдаг вэ?
-Манай улсын хувьд сэтгэл санааны хохирол гаргуулах асуудал их хүндрэлтэй байгаа. Эрх зүйн орчны хувьд Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх талаар зохицуулалтууд тусгагдсан. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалт манай улсад тодорхой тусгагдаагүй. Учир нь Иргэний хуульд сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулах бол зөвхөн хуульд тусгайлан заах талаар заасан. Гэвч бусдын нэр төр, алдар хүнд гутаасантай холбоотой сэтгэл санааны хохирол гаргуулахаас бусад тохиолдлыг тусгайлан зааж өгөөгүй. Үүнээс шалтгаалж хууль хэрэглээний хувьд асуудал үүссэн. Шүүх энэ үндэслэлээр сэтгэл санааны хохирлыг хангахаас татгалзаж ирсэн. Түүнчлэн хохирлын үнэлгээний зохицуулалт тодорхой бус байгаа юм. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг тогтоосон шүүхийн шийдвэрүүд цөөхөн бий.
-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нар нь ямар хүйс, насны хүмүүс дийлэнхдээ хамаарч байгаа вэ?
-Судалгаануудыг харахад энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийн хүйсийн харьцааны хувьд бараг 100 хувь эмэгтэйчүүд байдаг. Мөн насанд хүрээгүй хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч их болж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь дан ганц Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргээс гадна хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх нэг бүрэлдэхүүн болох гэр бүлийн хамаарал бүхий этгээд хүчиндэх хэлбэрээр илэрч байна. Тухайлбал, 2019 онд хийсэн “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” суурь судалгааны дүнгээс харахад, 6-10 настай хохирогчдын 4.1 хувь, 11-14 настай хохирогчдын 15.3 хувь, 15-17 настай хохирогчдын 22.6 хувь нь тухайн хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн, хүчирхийллийн улмаас хохирогчдын 53.6 хувь нь сэтгэл санааны байдал хэвийн бус, тогтворгүй болж, 0.8 хувь нь сэтгэцийн эмгэг, өөрчлөлттэй болсон талаар дурдсан байдаг. Иймээс энэ төрлийн гэмт хэргийн хувьд хохирогчид ноцтой сэтгэцийн гэмтэл, хохирлыг бий болгодог.
-Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нарт ямар сэтгэл санааны буюу сэтгэцийн гэмтлийн шинжүүд илэрдэг вэ?
-Мэргэжлийн шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилон хохирогчийн сэтгэл зүйд учирсан хохирлын хэмжээг тогтоолгох боломжтой юм. Тус шинжилгээний байгууллага сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоохын тулд Олон улсын өвчний X ангилалд заасан оношийг баримтлан, зөвхөн гэмт хэргийн улмаас бий болсон сэтгэцийн дарамт, стресс буюу хохирлыг тооцох аргачлалыг боловсруулсан. Тухайлбал, хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилах ба хөнгөн хэлбэрт айдас, түгшүүр, сэтгэл гутрал, тайван бус байдал, уурлах зэрэг өөрчлөлт илэрдэг. Онц хүнд хэлбэрийн хувьд сэтгэл гутралын солиорлын өөрчлөлт ч орох боломжтой талаар авч үзсэн байдаг. Судалгаануудаас үзэхэд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд илрэх нийтлэг шинж тэмдэгт шөнө хар дарж зүүдлэх, нойргүйдэх, харанхуйгаас айх, үргэлж уурлах, зожигрох, ганцаараа байхыг илүүд үзэх, байнга зовлон бэрхшээл тоочих, өөртөө итгэлгүй, сул дорой болох, сэтгэлээр унах, ямар нэгэн юм нууцлах, хэн нэгний эсхүл өөрийн тухай учир нь үл мэдэгдэх зүйл ярихад эхлэх, амиа хорлох оролдлого хийх, олон хувцас давхарлан өмсдөг болох, эрэгтэй хүнийг үзэн ядах хандлага тогтох зэрэг багтдаг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13