Италийн олон улсын дуурийн дуучдын наадамд гуравдугаар байр эзэлсэн Э.Очирсайхантай ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн жил хоёр ч олон улсын наадамд эхний гуравт орсон билээ. Ингээд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дуурийн тайзнаа дуурсгаж, амжилтаар дүүрэн яваа залуу уран бүтээлч Соёлын тэргүүний ажилтан Э.Очирсайханы ярилцлагыг хүргэж байна.
-Саяхан Италид болсон олон улсын дуурийн дуучдын тэмцээнд гутгаар байрт шалгарсан. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-2021 оны хувьд олон улсын болоод дотоодод зохиогдсон тэмцээнүүдэд их оролцлоо. Нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд гуайн нэрэмжит цахим хэлбэрээр зохиогдсон уралдаанд гуравдугаар байр эзэлсэн. Мөн оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” улсын уралдаанд СГЗ Д.Нямаагийн шүлэг, Х.Энхнарангийн аялгуу “Чамайг хайрлах хайрандаа” дуу маань дэд байр эзэллээ. Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Next stop 2021” Дархан-Уул аймгийн “Соёл урлагийн салбарийн оны шилдэг залуу”-гаар тодорлоо.
АНУ-ын Нью Йорк хотноо жил болгон зохион байгуулдаг "Premier opera foundation" сангийн нэрэмжит “Premier opera” олон улсын уралдаанд 34 орны 550 дуучдаас гуравдугаар байр эзэллээ.
Мөн шинэ оноо дөнгөж угтаад Итали улсын Наполи хотод мөн л цар тахалтай холбоотой гадны иргэдийг хүлээж авах боломжгүй гэдэг байдлаар цахим хэлбэрээр зохиогдсон "Neapolitan masters competition" уралдаанд 24 орны 232 дуучид оролцсоноос гуравдугаар байрын шагналыг эзэлсэн гээд амжилттай сайхан байлаа.
-Эхний байруудыг ямар улсын дуучид эзлэв. Цахим хэлбэрээр явагдаж буй тэмцээнүүд нь ямар зохион байгуулалт, шат дараалалтай явагдсан бэ?
-Жишээ татвал Нью Йорк хотод зохиогдсон тэмцээний хувьд тусгай аппликэйшнтай байсан. Татаад авахад миний бүх мэдээлэл бүртгэлтэй гараад ирнэ, амар. Эхний үед өөрийн танилцуулга явагдсаны дараа шууд дуулалтаа шалгуулж оролцсон.
Италид болсон тэмцээний хувьд гэвэл эхлээд дуулалтын бичлэг илгээсний дараагаар ZOOM–ээр холбогдон өөрийгөө шүүгчдэд танилцуулж дуусаад үргэлжлүүлэн дууны бичлэг явах гэх мэтээр зохиогдсон.
-Ковид-19 цар тахлаас шалтгаалан олон зүйлд өөрчлөлт шинэчлэлт орж байна. Таны хувьд сонгодог урлагийн салбарт ямар өөрчлөлтүүд орж байна вэ?
-Хамгийн түрүүнд гэвэл энэ уралдаан тэмцээнүүд цахим хэлбэрт шилжиж байна. Хоёрдугаарт гэвэл соёл урлаг тэр тусмаа сонгодог урлаггүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөх аргагүй. Үзэгчдэдээ ямар ч үед хүрэхийн төлөө олон өөрчлөлтийг нэвтрүүлж байна. Дуурийн тоглолтууд концерт хэлбэр рүү тавигдаж эхэлсэн.
Симфони оркестр, удирдаач, 70-120 хөгжимчид шилэн хаалт босгон зайгаа барьж, дуучид ч мөн цар тахлын дэглэмээ сайн барин хамтрагч дуучиндаа ойртохгүйгээр тоглолт явагдахаар төлөвлөгдөж Англи, Европ, Италийн гээд дэлхийн олон нэрт дуурийн театрууд үүд хаалгаа нээж эхэлсэн байгаа.
-Олон улсын дээд зэрэглэлийн дуурийн тэмцээнүүдэд идэвхтэй оролцож буй нь танд ямар давуу талуудыг бий болгож байна вэ?
-Мэдээж дамаа дуурийн дуулаач миний хувьд бол уралдаануудад оролцоно гэдэг маш чухал зүйл байдаг. Оюутан байх үеэсээ л олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Тэр үедээ их мэдэрдэг байлаа. Нэг тэмцээнд оролцоод ирлээ гэхэд үеийнхнээсээ нэг шат дээр илүү, хилийн дээс алхан, олон орны уран бүтээлчдийн дууг сонсон нүд чих онгойх гэж ярьдаг шүү дээ. Нэг уралдаан тэмцээнд оролцоод ирэхэд заавал ч үгүй нэг зүйл сурч үлддэг. Энэ мэтчилэн өсөж урагшилж чаддаг нь надад давуу талуудыг бий болгодог доо. Олон улсын дуурийн дуулаачдын A зэрэглэлийн уралдаанд 32 нас хүртэл оролцох боломжтой байдаг. Дэлхийн алдарт ОХУ-ын дуурийн дуучин Дмитрий Хровостовскийгийн жишээ гэхэд тэмцээн уралдаануудад 32 нас хүртлээ идэвхтэй оролцон дуусаад цааш нь дуурийн жүжигт дуулах замналаа эхэлсэн байдаг. Энэ нь маш сонирхолтой бөгөөд зөв санагддаг. Дуурийн дуучны дуулалт жишсэн байдлаараа бүтэн өдөр барилгын ажил хийсэнтэй тэнцүү гэсэн судалгаа ч байдаг юм билээ. Тэр ч утгаараа залуу байгаа дээрээ хүнд ачааллуудыг авч сурах хэрэгтэй болов уу. Гол нь тэмцээнд бэлдэхдээ хэт их ачаалалгүйгээр, өөрт таарсан программд бэлдсэн дуугаа шүүгчдэд үзүүлэх хэрэгтэй. Үнэхээр л сайн байвал түүнийг нь үнэлэн байр эзлүүлдэг учир их таалагддаг. Мэдээж ари, романсуудыг дуулж чадаж байвал түүний дараагаар жүжигт дуулахад бэлэн болсон байна шүү дээ. Тийм ч учраас одоогийн байдлаар тэмцээнүүдэд идэвхтэй оролцож байна. Мөн Монголын дуурийн театртаа орох хүсэлтээ өгсөн байгаа. Цар тахалтай холбоотой бага зэрэг хойшилсон байгаа.
-Залуу уран бүтээлчийн хувьд бусад үеийнхээ залуусаас ялгарах таны хувийн баримталдаг зарчим гэвэл. Учир нь сонгодог урлагийн уран бүтээлчид их шаргуу хөдөлмөрлөж байж л дэлхийн тавцанд танигддаг шүү дээ?
-Хөдөлмөрлө, хөдөлмөрлө гэж л хэлнэ дээ. Миний таван багшийн маань нэг “Битгий их зүйл хүс, зүгээр л сайн хөдөлмөрлө амжилт чам дээр өөрөө ирнэ” гэж хэлдэг байсан нь надаас нөөц бололцоог минь урьдчилж харсаных болов уу. Би ч тэрхүү үгийн зарчмыг баримтлан хөдөлмөрлөсөөр л байгаа.
-2022 оны хамгийн том зорилт юу вэ?
-Энэ оны том зорилго маань гэвэл өөрийн концертыг үзэгчдэдээ толилуулах бодолтой байна. Мөн дуурийн театрт хоёр дүр дээр ажиллан дуулахаар авсан. Цаашид болох олон улсын дуурийн тэмцээнүүдэд амжилтаа ахиулан оролцох зорилттой байна.
-Шантарч, мохох үед тань хамгийн их зоригжуулалт болж хүч өгдөг зүйл юу вэ?
-Өмнөх дурсамжуудаа боддог. Дуучдын дунд төрмөл өгөгдөл гэх зүйл байдаг. Миний хувьд гэвэл төрмөл өгөгдөл маань бусад дуучдыг бодоход бага учраас маш их сурч, хөдөлмөрлөж одоо өдий зэрэгтээ хүрсэн. Тийм ч учраас одоо ч өмнөх дурсамжуудаа боддог. Тэр үедээ би тийм байлаа, одоо ийм болсон дахиад яагаад ахиж болохгүй гэж өөрийгөө их зоригжуулдаг даа . Мэдээж үлгэр дуурайлал авдаг олон дуучид бий.
-Та өөрийн гэсэн шавьтай юу?
-Би өөрөө залуу уран бүтээлч, ид дуулж яваа учраас багшлахаар нээх их яарахгүй байгаа .Өөрийн карьер уран бүтээлдээ түлхүү анхаарах нь дээр болов уу. Гэхдээ тусгайлан зорин ирж зөвлөгөө авдаг хэдэн хүн бий.
-Монголын сонгодог урлаг юунд түлхүү анхаарал хандуулж ажиллаасай гэж боддог вэ?
-Манай дуучид чадварын хувьд маш сайн. Ярих зүйл барагтаа байхгүй. Ерөнхийдөө сонгодог урлагийн салбар маань маркетингаа сайн хөгжүүлж ажиллах хэрэгтэй гэж л хардаг даа. Уран бүтээлээ түгээж байж энэ салбар хөгжинө. Тиймээс олонд хүргэх талдаа л анхаарах зүйтэй байх.
-Та өмнө нь өөрийн зардлаар гадагш олон улсын тэмцээнд оролцох тохиолдол их байсан юм билээ. Одоо өөрчлөгдсөн зүйл бий юу? Соёлын яамнаас дэмжлэг туслалцаа байв уу?
-Тиймээ. Өөрийн зардлаар олон тэмцээн уралдаанд оролцож байсан. 2021 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдаанд оролцоход замын зардлыг Соёлын яамнаас ивээн тэтгэсэн. Анх удаагаа ийнхүү ивээн тэтгэлэг аван оролцоод ирсэн дээ.
-Гэр бүлийнхээ талаар уншигчдадаа товчхон танилцуулбал, таныг хэрхэн дэмждэг вэ?
-Эхнэр, зургаан настай нэг хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр маань “Бид” ББСБ-д маркетингийн менежерээр ажилладаг. Гэр бүл болоод арван жил болсон байна. Мэдээж улаан фен маань шүү дээ. (инээв). Миний хамгийн том зөвлөгч, шүүмжлэгч. Арга билэг шиг нэг нэгэндээ уусаж, дутуугаа дуургэж явдаг. Гэр бүлийн хүн маань урлагийн хүн биш ч гэлээ урлагийн мэдрэмж нь маш өндөр.
-Та нийтийн дууны бие даасан уран бүтээл гаргадаг. Энэ талаар?
-Нийтэд зориулсан уран бүтээлийн тоо гэвэл 14, 15 дуу бий. Бүтэн нэг CD гаргах хэмжээний болсон. Хүмүүс цомгоо гаргах болоогүй юу гэж нэлээд асуудаг л даа. Гэхдээ одоо үед CD гэдэг зүйл нэлээд хоцрогдохоор болсон байна. Зарим уран бүтээл буцаад пянз руу шилжиж байгаа ажиглагдсан. Гэхдээ нийтийн дууны хувьд пянз хэлбэр лүү шилжих нь тийм ч таатай зүйл биш байх. Миний бодлоор дижитал эсвэл флаш хэлбэрээр яагаад байж болохгүй гэж харж байна. Хүнд дурсгасан ч шинэлэг, бодитой болов уу. Дуурийн хувьд гэвэл гол болон туслах таван дүр дээр ажилласан байна.
-Цаашдын ямар уран бүтээл гаргахаар төлөвлөж байна вэ?
-Үргэлж дэмжин сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүй улам хичээж түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болно оо. Буриад болон хуучны киноны дуунуудыг сэргээн дуулах санаа байна. Буриад дууны аялгуу их сайхан шүү дээ. Гэхдээ одоохондоо ямар дуу гэдгийг сонсогчдодоо нууц хэвээр үлдээсэн дээр болов уу.
Ц.Ганчимэг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13