2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Admin | 2024-10-25


Улсын Их хурлын өнөөдрийн /2024.10.25/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэлээ.


Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан хэмээв.

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газраас гаргах дотоод, гадаад бондын хэмжээ, зориулалтын талаар, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан виртуал бүсэд бүртгэлтэй харьяалалгүй иргэн, хуулийн этгээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан хөнгөлөлтөд хамрагдах эсэх талаар, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Төрийн банкны үйл ажиллагаанд ногоон хөгжлийг дэмжих тусгайлсан чиг үүргийг нэмэгдүүлж байгаа нь хэр оновчтой талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй барилгын материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас бүрэн чөлөөлж байгаа нь үндэсний үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар санал хэлж бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг татварын бодлогоор хэрхэн дэмжих талаар асуулт асууж, хариулт авсан хэмээлээ. Тэрбээр цааш нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, хамтарсан Засгийн газрын 35 их наядын зарлагатай маш их тэлэлтэй төсөв хэлэлцэж байна. Хамтарсан Засгийн газарт багтаж буй улс төрийн намуудын 2024-2028 мөрийн хөтөлбөрт төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувьд барина гэсэн заалт бий. Энэ жилийн төсөвт болон дараа дараагийн төсвүүдэд зарлагыг багасгах талаар хэрхэн тусгах вэ гэсэн асуулт тавьсан. Сангийн сайд Б.Жавхлан, ДНБ-ий харьцааг шат дараалалтай өөрчлөх боломжтой. Гадаад, дотоодыг хөрөнгө оруулагч, хувийн хэвшил буюу баялаг бүтээгчдээ дэмжиж байж энэхүү зорилтод хүрнэ. 2025 оны төсвийг эхлүүлсэн бүтээн байгуулалтаа дуусгах, эрчим хүч, зам тээврийн бүтээн байгуулалт руу чиглүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын үр өгөөжийг хувийн хэвшлийнхэн хүртэж, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2025 оны төсөвт урсгал зардлыг 30 хувиас хэтрүүлэхгүй гэсэн тусгай шаардлагыг хуульчилсан байгаа гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүн Б.Түвшин, Баялгийн сангийн 6 орчим их наяд төгрөг Төрийн санд буюу Монголбанкинд ямар ч өгөөжгүй, эрсдэлтэй нөхцөлд байна. Цаашид энэ хөрөнгийг хэрхэн байршуулах вэ, УИХ-ын гишүүн Б.Номинчимэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд хийдэл гарах заалтууд байна. Тиймээс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтын дагуу боловсруулах үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын бодлогод боловсруулах үйлдвэрлэлийн ямар чиглэлийг татвараас чөлөөлөх талаар нарийвчлан тусгах боломж байгаа эсэх талаар асуув. Сангийн сайд Б.Жавхлан, Баялгийн санд хоёрхон жилийн дотор гэхэд чамгүй хуримтлал бий боллоо. Тийм учраас Баялгийн сангийн хуримтлалыг найдвартай, хөрвөх чадвартай, өсч, баяжиж байдаг хэлбэрээр хадгалах нь чухал. Төрийн сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, хөрвөх чадвартай болгох ёстой. Эдгээр нөхцөл бүрдсэний дараа өгөөжийн тухай ярьж болно. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг нь нэмэгдүүлэх найдвартай бодлого баримтлах ёстой гэлээ. Мөн тэрбээрАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  газар зүйн байрлалаар бүсчилсэн хөгжлийн суурь үзэл баримтлалд суурилсан ялгаатай татварын бодлогыг тогтоохоор тусгасан бол Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд газар зүйн байршлийн хувьд бүсчлэн хязгаарлагдахгүйгээр гаалийн татвар үйлчлэхээр заасан. Боловсруулах шатны эсвэл технологийн тоног төхөөрөмжийн татварыг салбар болон газар зүйн байршил харгалзахгүйгээр гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан гэв.  

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 онд баталсан хуулиас ямар ялгаатай вэ гэсэн асуултад Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, 2017 онд баталсан хуулиар Улаанбаатараас 500-1000 км алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50 хувь, 1000 дээш км алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж буй бол 90 хувь хөнгөлж байгаа. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй бол хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд татварын хөнгөлөлтөд орон зайн хязгаар байхгүй юм. Зөвхөн импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлвэрлэгчид 1 хувийн татвар, худалдаа, үйлчилгээ  эрхлэгчид 10 хувийн татварыг төлнө. Цаашдаа хүн амын орлогын албан татварыг энэ жишгээр өөрчлөх бодлогыг баримтлах ёстой гэв. УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)