Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран (2024.11.04) “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээг зохион байгууллаа.
Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцсон юм.
Эмэгтэй парламентчдын III чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улсуудын нэг болохыг тэрбээр тэмдэглээд "Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Энэхүү үр дүнд хүрэх зам дардан байгаагүй" гэлээ. Цаашид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд хүйсийн эрх тэгш байх нөхцөл, боломжийг бүрэн утгаар нь хангах, цаашдаа орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын төлөө зорилт дэвшүүлэн ажиллана. Монгол Улсын Их Хурал идэвхтэй хамтран ажиллаж, манлайлал үзүүлэн ажиллах болно гэв. (бүрэн эхээр)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Улс орнууд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтойг ОУВС-ийн судалгаанд дурдсан байдгийг илгээлтэд тэмдэглээд, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр Монгол Улс бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд идэвх санаачилгатай ажилладаг болохыг онцолсон байв. Улс төрийн намын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлснээр 2030 онд Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгууд дахь холбогдох зорилгыг хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлсэн үгэндээ “Энэ танхимд цугласан та бүхэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтдаа хичээснээр өнөөдрийн үр дүнд хүрсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Өдгөөгөөс 100 жилийн өмнө Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиараа жендэрийн тэгш байдлыг баталгаажуулж байсан бол өнөөдөр 100 жилийн ойг хамгийн олон эмэгтэй гишүүнтэй Улсын Их Хурал болсон түүхэн амжилтаар угтаж байна” гэлээ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эрүүл ардчиллыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах суурь хэмээн онцолсон. Монгол Улсын хувьд энэхүү амжилтаа бэхжүүлж, дараагийн шатанд хүрэхийн тулд шийдвэр гаргах түвшинд өнөөдөр ажиллаж буй, өмнө нь ажиллаж байсан эмэгтэйчүүд дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэн, хувь оролцоотой, үр дүнтэйгээр хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэн хэлсэн.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нэг эмэгтэйн идэвх, оролцоо нийгмийн өөрчлөлтийг эхлүүлсэн түүх хуваалцаад, тус байгууллагын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар танилцууллаа. Эмэгтэй улс төрчид нэгдэн хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд олон чиглэлээр санаачилгатай хамтран ажиллаж чадвал нийгэм тэр хэрээр тэгш, хүртээмжтэй болж өөрчлөгддөг гээд энэхүү чуулганаар цаашдын зорилтоо хамтдаа тодорхойлох боломжтой гэлээ.
“Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээний үеэр Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочдод онцгойлон талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.
Ийнхүү чуулганы үйл ажиллагаа эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга, Эмэгтэй парламентчдын зөвлөлийн тэргүүн Х.Булгантуяа “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвт илтгэл танилцуулав.
УИХ-ын 8 удаагийн сонгуульд давхардсан тоогоор нийт 608 хүн сонгогдсоноос 65 буюу 10.7 хувь нь эмэгтэй байсан бол 2024 онд 25.4 хувь болж нэмэгдсэн талаарх тоо баримтыг тэрбээр илтгэлийнхээ эхэнд тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болсон сонгуулийн дүнгээр байгуулагдсан АИХ-ын 430 депутатын 8 нь эмэгтэй байсныг, УИХ-ын бүрэн эрх тус бүрээр эмэгтэй гишүүдийн эзлэх хувь, хууль тогтоох, шийдвэр гаргах түвшний оролцооны талаар илтгэл танилцуулаа. АИХ-ын 430 депутатаас нийт 50 гишүүн Улсын Бага Хуралд сонгогдон ажилласан ба 2 нь эмэгтэй гишүүн байжээ.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал байна” гэж заасны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжиж, Улсын Их Хурал (УИХ)-ыг сонгох анхдугаар сонгуулийг 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт явуулж, 76 гишүүний 3 нь эмэгтэй гишүүн байв.
УИХ-ын 1996 оны ээлжит сонгуулийн дүнд 76 гишүүний 8 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 10.5 болж өмнөх сонгуулийн дүнгээс 6.6 нэгж хувиар өссөн байна.
УИХ-ын 3 дахь удаагийн ээлжит сонгууль 2000 онд жижиг мажоритар системээр буюу нэг мандат бүхий 76 тойргоос олонхын саналаар гишүүдийг сонгосон. Нийт 76 гишүүний 9 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 11.8 болж өмнөх оны сонгуулийн дүнгээс 1.3 нэгж хувиар өссөн гэв. УИХ-ын 2004 оны ээлжит сонгуулийн дүнд 76 гишүүний 5 нь эмэгтэй буюу эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 6.6 болж өмнөх сонгуулийн дүнгээс 5.2 нэгж хувиар буурчээ.
УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийн (2005 онд шинэчлэн найруулсан) дагуу 76 мандаттай, томсгосон 26 тойрогт явагдсан. Сонгуулийн дүнд 76 гишүүний 3 нь эмэгтэй буюу дүнд эзлэх хувь 3.9 болж өмнөх сонгуулийн дүнгээс 2.7 нэгж хувиар буурсан байна.
УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний 48-ыг олон мандаттай мажоритар 26 тойргоос, үлдсэн 28-ыг пропорциональ намын жагсаалтаар авсан саналын дүнгээр сонгож, сонгогдсон эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 14.5 болж 11 эмэгтэй гишүүн бүхий бүрэлдэхүүнтэй парламент бүрэн эрхээ хэрэгжүүлжээ.
УИХ-ын 2016 оны долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг томсгосон мажоритар буюу жижиг 76 тойргоос шууд сонгосон байна. Уг сонгуулийн дүнд 76 гишүүний 13 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 17.1 болж өмнөх сонгуулийн дүнгээс 2.6 нэгж хувиар өссөн бөгөөд өмнөх парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт байв.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулсан. Нийт 76 гишүүний 13 нь эмэгтэй буюу дүнд эзлэх хувь 17.1 буюу өмнөх сонгуулийн дүнтэй адил байв.
Эмэгтэй парламентчдын насны хувьд хамгийн залуу нь 32 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол хамгийн ахмад нь 58 настайдаа сонгогдож байжээ. Нийт сонгогдсон эмэгтэй гишүүдийн дундаж нас 45 бөгөөд эмэгтэйчүүдийн талаас илүү буюу 36 гишүүд нь 40-49 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон аж.
Хамгийн олон сонгогдсон эмэгтэй гишүүдийг дурдвал, С.Оюун 5 удаа, Т.Ганди, Д.Арвин нар 4 удаа тус тус сонгогдон парламентад ажиллаж байжээ. Харин нийт 65 эмэгтэй гишүүд сонгогдсоныг байршлаар харвал, 35 нь дүүргүүдээс, 25 нь аймгуудаас, 5 нь жагсаалтаар сонгогдож байсан бол хамгийн их давтамжтайгаар сонгогдсон эмэгтэй гишүүд нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс 8, Баянгол дүүргээс 5, Завхан аймгаас 7, Хэнтий, Сэлэнгэ аймгуудаас тус тус 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
2012-2024 оны хооронд УИХ-ын гурван удаагийн сонгуулиар 11-13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдож, парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх суудлын тоо 11.5-17.1 хувьд хүрсэн нь ардчилсан сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ хугацаанд 30 эмэгтэй улс төрч /давхардаагүй тоогоор/ УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан бөгөөд нийтдээ 127 хуулийн төслийг бие дааж болон бусад гишүүдтэй хамтран, мөн эмэгтэй гишүүдийн бүлгээрээ хамтран санаачилжээ. Эмэгтэй гишүүдийн ажилласан, өргөн барьсан хуулийн төслүүдийн талаас илүү хувь нь батлагдсан байна. Сонгуулийн жилээр харьцуулж үзэхэд 2016-2020 онд сонгогдсон эмэгтэй гишүүдийн санаачилсан хуулийн батлагдсан хувь хэмжээ хамгийн өндөр буюу 25 хувь байжээ.
Эмэгтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодод ихэвчлэн хамаарч байв. Тодруулбал, эмэгтэй гишүүд хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эмзэг бүлгийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудалд илүү их анхаарч буй мэт боловч эдийн засаг, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, боловсрол, соёл зэрэг олон салбарт өргөн хүрээг хамарсан, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
2012-2016 онд УИХ-д сонгогдсон 11 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ажиллаж байсан юм. Тэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах үйлчилгээг хуульчлах, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн эрхийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах чиглэлээр хамтран хуулийн төсөл санаачилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.
2016-2020 онд УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байв. Тэд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгох, агаарын бохирдлыг бууруулах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхааран, ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих чиглэлээр ОУБ-уудтай хамтрах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ажилласан байна.
2020-2024 онд УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сонгогдон ажиллаж байсан. 2020 онд УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын дэд даргаар сонгогдсон ба Монгол Улсын түүхэнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй болсон юм. Тэд эмэгтэй гишүүдийн бүлгээрээ хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин сайжруулахын тулд хамтран ажиллаж байна. Үүнээс гадна 10 гаруй үндсэн чиглэлд /хүүхдийн эрүүл, аюулгүй орчин, сургуулийн орчин, эрчүүдийн эрүүл мэнд, хүний хөгжлийн бодлого, ахмад настнаа асран хамгаалах, эмэгтэйчүүдийн насан туршийн боловсрол, цахим орчинд хүний эрх хамгаалах гэх мэт/ ажиллах тодорхой үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж, нэгээс гурван эмэгтэй гишүүн ахлах зохион байгуулалттайгаар ажиллаж байна.
Эмэгтэй улс төрчид УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд 2012 оноос хойш өөрийн болон эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 орчим төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барилга байгууламж шинээр барих, засвар, өргөтгөл хийх, хуучин барилга байшингийн дээврийн засвар, дулаалгын ажил, зам засварын ажлуудын төсөв санхүүжилтийг шийдэж, төсөвт суулгаж, ажил хэрэг болгоход түлхүү анхаарсан. 2012 оноос хойш эмэгтэй гишүүдийн санаачилгаар хэрэгжсэн гурван төсөл тутмын нэг нь хүүхэд, залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан. Үүнээс гадна малчид, тариаланчид, өндөр настан, эмч, багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн амьдрах орчныг сайжруулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүд байв. Эдгээр төсөл, хөтөлбөрийн гурваны нэг нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байсан.
2012-2023 он хүртэлх хугацаанд УИХ-ын эмэгтэй гишүүд Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулав. Жишээлбэл, тогтвортой хөгжлийн тулгуур хүрээ болох эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хог хаягдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан, өргөн мэдүүлсэн байна. Эдгээрээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар Тогтвортой хөгжлийн зорилгын 4 буюу Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд дэвшүүлсэн суурь дэд бүтцээр хангагдсан сургууль, цэцэрлэгүүдийг нэмэгдүүлж, сурагчдын суралцах орчныг сайжруулах зорилт хангагдах нөхцөл бүрдсэн. 2021-2022 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагдсан байна. Үүнээс гадна, хэлэлцэх шатандаа явж буй бусад хуулийн төслүүдийн үр нөлөөг үнэлсэн судалгаагаар МУТХҮБ-ын нийгэм, эдийн бусад дэд зорилтуудыг хангах, ахиц үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.
2024 оны УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар, жендерийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулагдаж 2 намаас тойргоос 8 эмэгтэй, 5 нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж, 25.4 хувьд хүрсэн.
Эмэгтэй гишүүд олон ажил төлөвлөж байгаа бөгөөд олон улсын байгууллагатай хамтран жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлэх юм байна. Иймд үе үеийн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүдээ энэ үйл ажиллагаа, санаачилгыг нь дэмжин, оролцохыг урив.
Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцууллаа. Монгол Улсын хувьд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, Улс төрийн намын тухай хуульд квотын талаарх зохицуулалтыг тусгасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байх хэрээр нийгэм тэдгээр эмэгтэйчүүдийн үйлдэлд шүүмжлэлтэй ханддаг талаарх судалгааг дурдаад, Монгол Улсын хувьд өнөөдрийн үр дүнгээ бататган, эрх зүйн орчныг илүү сайжруулж, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бололцоо байгааг илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэсэн юм.
Чуулганы оролцогчид үргэлжлүүлэн 1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, шинэчлэлийн талаар хэлэлцэв.
Эмэгтэй парламентчдын III чуулганаас Тогтвортой хөгжлийн V зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор улс төрийн намууд амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэхийг уриалж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль дахь ололтыг баталгаажуулж, цаашид сонгуулийн зардлыг бууруулах бодлого баримтлах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчилж, нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх чиглэлд идэвх санаачилгатай ажиллах санаачилга гаргасан. Түүнчлэн улс төрийн намуудад эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахыг уриалж, охид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг парламентын түвшинд нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэв. Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, төсвийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгож, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогын түвшинд дэмжин, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санаачилгыг дэвшүүлж буйг танилцуулсан юм.
Энэхүү чуулганыг хааж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ, цаашид шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдлыг дурдаад энэ чиглэлд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
“Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээний үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэн гаргасан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06