Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.09) хуралдаан гишүүдийн 64 хувийн ирцтэйгээр эхэллээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн.
Төсвийн төслийг дахин боловсруулахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг бууруулахгүй байх зарчмыг баримталсан хэмээн Сангийн сайд танилцуулав. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээжээ. Гадаад зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж, ирүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхийн зарим байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй байна.
Харин зардлыг бууруулах хүрээнд төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулсан гэв. Тодруулбал, салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг бууруулсан байна.
Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагын үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг хассан байна.
Мөн эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр, шатахууны зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулжээ.
Эдгээрээс гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг тус тус 10 хувиар бууруулахаар төсөлд тусгажээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг нь эхлүүлсэн төслүүдийг яаралтай дуусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан. Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулахаар төсөл санаачлагч шийдвэрлэжээ. Мөн зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна. Гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулах юм байна. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгаж байгаа аж.
Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон гэлээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн эерэг байхаар төлөвлөснийг Б.Жавхлан сайд танилцуулав.
Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан нь ач холбогдолтой болсон” хэмээн тэмдэглэв. Үргэлжлүүлэн тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд, Эрчим хүчний сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга зэрэг төсвийн 10 ерөнхийлөн захирагчийн төсвийн орлогыг 529.9 тэрбум төгрөгөөр, зарлагыг 2,612.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч анхаарах шаардлагатай зургаан асуудал бий гээд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав дэлгэрэнгүй танилцууллаа.
Хуралдаанд оролцож буй гишүүд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан.
Мөнгөний бодлогын хүүг өөрчлөх эсэх, үүнтэй уялдан зээлийн хүүг бууруулах, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг Ж.Ганбаатар гишүүн асууж, Л.Гантөмөр сайдаас хариулт авав. Засгийн газрын зүгээс төсвийн зардлыг бууруулснаар мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах, зах зээл дэх мөнгөний эргэлтийг сайжруулах зорилт тавьсан хэмээн хариуллаа. Ипотекийн зээл, тэр дундаа ногоон орон сууцыг дэмжих санхүүжилтийг хэрхэн тусгасан талаар П.Сайнзориг гишүүн тодруулахад “Ногоон орон сууцны хөтөлбөр үргэлжилнэ. Суурь нь амжилттай тавигдсан, санхүүжилтийн схемийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байна. Дотоодын банкуудын эх үүсвэр, МИК корпорацын нэгэнт бий болсон санхүүгийн энэ дэд бүтцийг ашиглан үргэлжлүүлнэ. Үүн дээр дэд бүтэц талаасаа хувийн хөрөнгө оруулалтуудыг дэмжих, өртгийг бууруулах зорилгоор орон нутаг, аймгуудад дэд бүтэц барих, ялангуяа нийслэлээс шилжин суурьшсан, тэндээ тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс байшинг биш харин дэд бүтцийг шийдэх санхүүжилт төсвийн төсөлд хангалттай тусгагдсан. Мэдээж таналтын хүрээнд 20 хувь буурч, 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бий. Үүний дээр Баялгийн сангаас Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулар хуваарилалтаар багадаа 300-400 тэрбум төгрөгийн эх үүсвэр нэмэгдэнэ. Үүгээр ногоон орон сууцны хөтөлбөрийг голлон санхүүжүүлэх байх” гэдэг хариултыг Сангийн сайд өгсөн. Б.Мөнхсоёл гишүүн аудитын дүгнэлтээс үндэслэн асуулт асууж, төсөл дэх зарим төрлийн зардлын багцын задаргааг тодорхой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Б.Найдалаа гишүүн Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдаас өргөн мэдүүлсэн төсвийн хүрээнд ирэх онд үйл ажиллагаагаа явуулахад ямар нөлөө гарахаар тооцож байгааг, зайлшгүй шаардлагатай ч хасагдсан санхүүжилт бий эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж нар асуулт асууж, Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Байнгын хороонд хамаарах төсвийн 10 ерөнхийлөн захирагчаас хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны гишүүд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан, шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн зүйл бүрээр хэлэлцэхэд Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёолол гаргасан ч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчих учраас санал хураалт явуулах шаардлагагүй хэмээн шийдвэрлэв. Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг зүйл бүрээр хэлэлцэхэд гишүүд асуулт асууж, санал гаргаагүй юм. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг санал хураалт явуулан шийдвэрлэсэн. “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцээд, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06