АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонслоо

Admin | 2024-12-18


   Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.12.17)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогынхэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж танилцуулсан юм. Тэрбээр хөнгөн үйлдвэрийнсалбарт 343 үйлдвэр1700 гаруй жижиг цех үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 45800 хүн ажиллаж буйг болон хүнсний 978 үйлдвэр, цех ажиллаж байгааг танилцуулаад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Монэксалл” ХХК-д үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай олгосон талаар тодорхой дурдав. 

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК бол нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд Эмээлт үйлдвэр технологийн паркын төслийг хариуцан ажиллаж байна. Харин “Монэксалл” ХХК Говьсүмбэр аймагт мал аж ахуйн шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн эко парк ажиллуулахаар тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөнгөн үйлдвэрийн паркийн байршлийг Улаанбаатар хотод Эмээлт дэх арьс, ширний, Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр технологийн, мөн Ховд, Говьсүмбэр, Дорнод аймагт төвлөрүүлэн байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр дурдаад, эдгээрийг нэг бүрчлэн танилцууллаа. Тухайлбал, Ховд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2022 оноос улсын төсвийн хөрөнгөөр хийж эхэлсэн бөгөөд ирэх 2025 онд дуусах ажээ. Тус паркад 100 үйлдвэр ашиглалтад орж, 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох юм. Төслийг Ховд аймгийн өмчит “Шинэ Ховд” ХХК хариуцаж байна. Мөн Дархан-Уул аймагт байгуулагдах Төвийн бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажилд 2025 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг тусгагдсан байна. Олдоогийн байдлаар паркийн байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зургууд хийгдээд, магадлуулах шатдаа явж байгаа аж.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркын ажил үндсэндээ 2009 оноос эхэлж, 2022 оноос нийслэлд шилжүүлж, 2023 онд Дэлхийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ хийгдсэн. Нийт 539 га талбайд хэрэгжих энэ төслийн эхний үе шатанд 160 га-д 8.0 сая ширхэг арьс, ширний боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангаж эхлээд байна. Төслийн эрчим хүчнй эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар нийслэлийн 2025 оны төсөвт тусгагджээ. Харин Говьсүмбэр аймгийн Баянтал дахь мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэр технологийн паркыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр бэлтгэж байна. 

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны эрхлэх асуудалд хамаарах үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн гурав нь аж үйлдвэрийн паркийн хүрээнд хэрэгжинэ гэж Төрийн нарийн бичгийн дарга онцлоод, Тавантолгойн кокс, эрчим хүчний, Бор-Өндөрийн жонш, цахиурын, Эрдэнэтийн зэсийн, Дархан-Уулын гангийн, Хөтөлийн барилгын материалын, Багануурын химийн үйлдвэр технологийн паркуудыг нэрлэсэн юм. Тэрбээр бодитоор хэрэгжиж байгаа Дорноговь аймгийн Өргөн сум дахь Алтанширээ, мөн аймгийн Хөвсгөл сум дахь Гэрэлтговь, Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркыг жишээ болгон танилцуулав.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа үйлдвэрлэл технологийн паркууд хуулийн дагуу НӨАТ-ын төлбөрийг дөрвөн жил хүртэл хугацаанд хойшлуулах, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг мөн хугацаагаар чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийн татвар чөлөөлөх зэрэг бодлогын дэмжлэг үзүүлж буй юм. Алтанширээ технологийн паркад гаалийн татвараас 39.0 тэрбум төгрөг чөлөөлөх, НӨАТ-аас 81.9 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулан төлөхөөр төлөвлөгдсөн байна. Тус паркын дэд бүтцийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар 40.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж. Үүнд, 6.3 мВт-ын цахилгаан станц, 12.0 км төмөр зам, 9.4 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн барьж, усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус паркад нүүрс баяжуулах, эрчим хүчний кокс, төмрийн хүдрийн нойтон соронзон баяжуулах, төмрийн хорголжин болон ширмийн таван цогцолбор үйлдвэр баригдаж байна 2028 онд бүрэн ашиглалтад орох эдгээр үйлдвэрүүд улс, орон нутгийн төсөвт 432 тэрбум орчим төгрөгийн татвар төлөх бөгөөд 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох ажээ.

Гэрэлтговь Үйлдвэр технологийн паркын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 187 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд газар, үл хөдлөх хөрөнгийн татварууд, 13.3 тэрбум төгрөгийн гаалийн татварыг чөлөөлж, 28.0 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг 2030 он хүртэл хойшлуулсан байна. Баяжуулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт 91-98 хувийн, эрчим хүчний коксын үйлдвэр, цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үйлдвэрүүд мөн 2028 онд бүрэн ашиглалтад орно. 

Харин Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркыын дэд бүтцэд Эрдэнэт үйлдвэр 137.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Зэс баяжуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдах тус паркын 12.6 км авто замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 45 хувьтай, төмөр замын ажил 91 хувьтай, ус хангамж, ариутгах татуургын ажлын гүйцэтгэл 76 хувьтай байна. Цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт үндсэндээ дуусчээ. Үйлдвэрүүд 2029 онд ашиглалтанд орж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38 тонн мөнгө, 182 мянган тонн элементийн хүхэр, 118 мянган тонн хүхрийн хүчил боловсруулахаар төлөвлөгджээ.

Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулгадаа Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй нь ажилд гацаа үүсгэж байгааг онцолсон юм. Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой 12 журам батлахаас долоо нь батлагдаад байгаа бөгөөд газрыг тусгай хэрэгцээнд авах, түүхий эдийн баталгаа, дэд бүтцийн хангамжид хөнгөлөлт үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх, АМНАТ-ийг хөнгөлөх зэрэг асуудлыг зохицуулах журмууд гараагүй байгаа юм.

Сайн нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, Д.Батбаяр, Жаргалсайхан, С.Бямбацогт, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд мэдээллүүдэд дурдагдсан газрын болон ажиллах хүчний асуудал, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, нөлөө болон хүнд үйлдвэрийн хууль, эрх зүйн орчинг хэрхэн бий бүрдүүлэх, нэг газарт байгуулагдаж байгаа өөр өөр үйлдвэр технологийн паркын үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангах, кластер хамтын ажиллагааны боломж, худалдааны хууль, олон улсын худалдааны эрх зүйн орчныг тодорхой болгож, шинэчлэх, паркуудыг байршлыг хэрхэн сонгосон болон хангайн бүсийн аймгуудад яагаад үйлдвэрлэл технологийн парк төлөвлөөгүй зэрэг олон асуудлыг хөндөж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон албаны бусад хүмүүсээс тодорхой хариулт авсан юм. Мөн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж байгаа Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаарх мэргэжилтнүүдийн байр суурь, хэлэлцээрээс үндэсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг хасах боломжтой эсэх, гадаадаас авч буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх, технологийг нутагшуулах, инновацийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл технологийн паркын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг улсын төсөвт хэрхэн буцааж төвлөрүүлэх, Дарханы арьс ширний үйлдвэрийн паркын төсөл хэрэгжээгүйд ямар дүгнэлт хийж байгаа, паркуудад баригдах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамж, хүртээмж ямар байх тооцоо хийж буй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж бий болох үйлдвэрүүдийг дараа нь хэн хэрхэн удирдаж, авч явах, урьд өмнө гаргасан алдаанаасаа Засгийн газар суралцаж, шинэлэг бүтээлч шийдэл гаргаж буй эсэх, шинээр баригдаж байгаа үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн эрэлт хэр байгаа, өрсөлдөх чадвартай эсэх, ялангуяа арьс, нэхийний өртөг, үнийн таатай нөхцөл бүхий зах зээл бий эсэх, Үйлдвэр технологийн паркийн тухай хууль, Шинэ хоршоо, Цагаан алт хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулж, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг суурь асуудлуудыг хөндөн ярив.

Тус Байнгын хорооны дарга С.Ганбаатар үйлдвэрлэл технологийн паркуудад бий болж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагч бий эсэх, технологийн шийдлүүдээ хэрхэн хийж байгаа, хүний нөөцийг бэлтгэх, бий болгох бодлогыг тодорхойлж, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн эсэх, парк дахь татварын хөнгөлөлтийг одоо байгаагаас нь илүү давуу болгож инкубаторын жишигт хүргэх төлөвлөлт байгаа эсэхийг асууж, харилт авсан юм. Тэрбээр, Монголын ард түмнийг аж үйлдвэрлэл ажилтай, орлоготой байлгана гэх бодлого, зорилтоо бид хэрэгжүүлж чадахгүй маш их хугацаа алдаж байна гээд, Улсын Их Хурлын гишүүд үүн дээр бодитой шийдэл гаргах хэрэгтэй байна гэлээ. Сайд нарын мэдээллийг сонссоны дагуу Байнгын хороо удирдамж баталж, ажлын хэсэг байгуулан яамд болон үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шийдэл гаргана гэдгийг тэрбээр хэлэв. Мөн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар идэвхтэй ажиллана гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)