Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм

Admin | 5 цагийн өмнө


   “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндонгоос 100 сая төгрөгийн шагналтай холбогдуулан тодрууллаа.

-Таныг 100 сая төгрөгөөр шагнуулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ ямар учиртай шагнал байсан юм бэ? 

-Намайг биш, манай хамт олныг шагнасан юм аа. “Эрдэнэт” үйлдвэрийн 7000 уурхайчныг ажил, үүргээ амжилттай гүйцэтгэж, төлөвлөгөөгөө биелүүлж, улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна хэмээн манай толгой компани “Эрдэнэс Монгол” нэгдлээс энэхүү шагналыг олгосон. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниуд дотроосоо маш олон үзүүлэлтээр, дан ганц орлого бус байгаль орчин, нийгэм, засаглал, Засгийн газраас өгч буй үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилт, эрсдэлийн удирдлага гээд олон шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэдэг юм билээ. Энэ жил Очир эрдэнэ гэж шагналыг манай хамт олонд олгож, 100 сая төгрөгийг дагалдуулан өгөхөөр болсон юм. Энэ бол Ёндон гэх хүнийг биш 7000 уурхайчныг шагнаж буй асуудал. Төлөөлж ажил олгогч гэх утгаараа тухайн арга хэмжээнд оролцож, энэхүү шагналыг гардан авсан юм.

-Танайх өмнө жил бас ажлын үзүүлэлтээрээ тэргүүлж шагнуулж байсан. Тэр шагналаа юунд хэрхэн зарцуулсан бэ?

-Тийм ээ, манай хамт олныг өнгөрсөн жил мөн шагнасан. Захирлуудынхаа зөвлөлөөр ярилцаад 50 орчим сая төгрөгийг үйлдвэрийн дэргэд байдаг “Энэрэл” төвд хөрөнгө оруулсан. “Энэрэл” асрах төв маань 60 гаруй хүүхэдтэй. “Эрдэнэт” үйлдвэр олон жил өөрийнхөө зардлаар тус төвийнхөө үйл ажиллагааг тогтвортой авч явж ирсэн. Өнгөрсөн жил асрах төвийн өсвөр үеийн охидын буланг зайлшгүй тохижуулах шаардлагатай байсан болохоор санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Үлдсэн 50 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын  гурван төрийн бус байгууллага /Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, Ахмадын холбоо /-д өгсөн. Миний тушаал ч бий.

-Энэ жилийн шагналын мөнгөө та бүхэн юунд зарцуулахаар байгаа вэ?

 -Одоо энэхүү шагналаа 7000 хүнээсээ хамгийн сайн ажилласан хүмүүсээ шагнаж урамшуулна. Үүнийгээ ч бид нээлттэй зарласан байгаа. Өнгөрсөн жилийн шагнал, энэ жилийн шагналын мөнгөн дүн нь ижил.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)