“Тоонот пикчерс”-ийг үүсгэн байгуулагч, найруулагч Б.Батбаатартай БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан шинэ уран бүтээл болох “Сүүдрээр гэтэгч” киноны нээлтийнх нь үеэр цөөн хором ярилцлаа.
-“Сүүдрээр гэтэгч” кино саяхан нээлтээ хийсэн. Шинэ уран бүтээлд гадаадын жүжигчидтэй хамтарсан зэрэг олон онцлогууд бий болов уу?
-Маш их онцлог бий. Адал явдал, триллер, фантастик гэсэн төрлүүдийг нэг бүтээлд нэгтгэсэн, далд ертөнцийн нууцыг өгүүлэх кино. 60-70 хувь нь компьютер графиктай. Бараг л Монголдоо анх удаа гаднаас ийм олон бүрэлдэхүүнтэй баг ирж зураг авалтанд орж байгаа тохиолдол байх шүү. 10 гаруй жүжигчин Монголд зураг авалтад орсон. Монголын бүтээлүүдэд урьд өмнө нь хийгдэж байгаагүй зураг авалтуудыг хийсэн. Жишээ нь мориноос вагон руу үсэрч орох гэх мэт хүнд, эрсдэл их олон зураг авалтуудыг чадварлаг гүйцэтгэсэн зэрэг олон онцлог бий. Үзэгчид маань бүтээлээ хүлээн аваад таалан болгоох байх аа.
-Гадны уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар байв?
-Манай талаас бол маш өндөр хэмжээний зохион байгуулалт шаардагдсан. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу маш нарийн биелэлттэй явагдсан. Тэрхүү зохион байгуулалт, техник хэрэгсэл зэрэг олон зүйлсийн шаардлагыг ханган сэтгэлд өег ажилаа гүйцэтгэж чадсан гэж хувьдаа дүгнэж байгаа. Тийм ч учраас БНСУ-ын уран бүтээлчидтэй дахин нэг бүтээл дээр хамтарсан байгаа. БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтарч ажилласнаар давхар өөрсдийнхөө түүх соёлыг гаднынханд таниулан, сурталчлах том боломж гэж харсан.
Мөн өмнөд солонгосын уран бүтээлчид хоорондоо их өрсөлдөөнтэй. Тэр тусмаа кино урлагийн салбрын зах зээл нь том шүү дээ. Тиймээс ч тэд үргэлж шинийг санаачилж, өөрсдийн хувийн бэлтгэлийг өндөр түвшинд хангадаг. Жүжиглэлтийн ур чадвар, сэтгэлгээний хувьд задгай хамтран ажиллахад их өвөрмөц санагдсан.
Мөн дүрээ хэрхэн амилуулж үзэгчдэд хүргэх вэ гэдэг дээр бүх боломж бололцоогоо ашиглаж байсан нь үнэхээр таалагдсан. Хамгийн гол нь тэдгээр уран бүтээлчидтэй туршлага хуваалцаж, өөрсдийн ур чадвараа харуулах том боломж бүрдсэн.
-Киноны зураг авалт хэдий хэр хугацаанд явагдав?
-Кино зураг авалтаа бид 2018 онд эхлүүлсэн. Гурван жил гаруй үргэлжилсэн төсөл боллоо. Үүнд их олон зүйл нөлөөлсөн л дөө. Цар тахлын нөхцөл байдлаас гадна компьютер график, дуу дүрсний өндөр чанарыг эрхэмлэн үзэгчиддээ хүргэх гээд нэлээд хугацаа зарцууллаа. Мөн БНСУ-д киноныхоо зарим зураг авалтыг хийгээд ирсэн.
-Та жүжигчидээ хэрхэн шалгаруулж авдаг бэ?
-Зохиолоосоо шалтгаалаад аль болох их ирээдүйтэй, нөөц бололцоо бүхий дотор сайтай жүжигчдийг ажиллуулахыг эрмэлздэг. Найруулагчаар ажилласан миний хувьд хүсээд байгаа бүх зүйлийг минь гаргаж өгч чадсан жүжигчидтэйгээ цаашдаа ч хамтрах бодолтой байна. Монголын уран бүтээлчид гадны уран бүтээлчидтэй хамтран өөрсдийн хүчийг мэдрэх, дотоод нөөц бололцоогоо мэдэх гээд олон үүд хаалга нээгдсэн болов уу.
-Нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бэ?
-Монгол, Өмнөд солонгосын жүжигчид, арын албанд ажилласан хүмүүс, туслах болон орлон тоглогчид гээд маш олон чухал үүрэг бүхий ажлуудыг гүйцэтгэсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ бүтээлийн ард гарлаа.
-“Сүүдрээр гэтэгч” кино нэлээд өртөг өндөртэй бүтсэн гэсэн?
-500 гаруй сая төгрөгийн өртгөөр энэ кино маань бүтээгдсэн.
-Дараагийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулж болох уу?
-Хамт олноороо “Цасан хүн”, ”Сүүдрээр гэтэгч” киноныхоо ард амжилттай гарлаа. Дараагаар БНСУ-ын уран бүтээлчидтэй дахин хамтарсан “Зургаан шулам” гэсэн бүтээлээ үзэгчиддээ толилуулахаар бэлдэж байна. Мөн гурван жилийн өмнө зураг авалтаа хийж эхэлсэн. Компьютер графикийн ажилдаа яваа. Монголдоо бүх зураг авалтаа хийсэн.
-Ямар төрлийн кино вэ?
-Товчхондоо зомбитой кино.
-Танд баярлалаа. Олон санаа бүтээлийн олз омогтой байг ээ.
-Баярлалаа.
Ц.Ганчимэг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13