Энэ сарын 15-нд Номхон далайд галт уул дэлбэрсний улмаас АНУ, Японд цунамигийн түгшүүр зарласан билээ. Энэ талаар Японд улсад ажиллаж амьдарч буй зарим иргэдтэй ярилцлаа.
-Японд нөхцөл байдал хэр байна. Иргэд хэр сандралтай байна?
-Энэ сарын 15-ны орой 21:00 цаг орчимд “цунами ирж болзошгүй” гэж далайн эргийн айлуудад шуурхай мэдээ хүргүүлсэн юм билээ. Гэхдээ аз болж тэр өдөр байдал өөрчлөгдөн ямар нэгэн гамшигт үзэгдэл болоогүй. Миний хувьд арлын бүсийн оршин суугч биш ч гэлээ далайн эрэгт амьдардаг иргэд нэлээд хүнд нөхцөлд байгаа санагдсан. Сэрэмжлүүлэгт цочирдсон хүмүүс их байсан. Гэхдээ цунамигаас гадна Японд жилд хар салхи, аадар бороо, үер усын аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт зэргээс ирэх сэрэмжлүүлэг их байдаг.
-Иргэдийн гэнэтийн аюулаас сэрэмжлэх хувийн бэлтгэл ямар байдаг вэ?
-Ихэнх хүмүүс нь хувийн бэлтгэл их сайн базаасан байдаг. Хүн тус бүр өөрийн цүнхэндээ гар чийдэн, хэдэн хоногтоо хүрэлцэх хэмжээний цэвэр ус, хоол хүнс зэргээ бэлдэж тавьсан байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд, том хүн, өвөл, зуных гээд дотроо төрлүүдтэй бэлдсэн цүнх ч мөн бий. Цунами болон бусад байгалийн гамшиг болоход хүмүүс гэрийн ойролцоох түр орогнох газарт байрладаг. Хүнс, хөнжил гудас бусад шаардлагатай зүйлсийг улсаас хангаж өгдөг.
-Нүүлгэн шилжүүлэлт хэр эрчимтэй явагдаж байгаа вэ?
-Улс даяар найман аймгийн 55 тосгоны 230 мянга гаруй иргэдэд нүүлгэн шилжих, дүрвэх анхааруулга мессеж ирсэн. Далайн эргийн иргэд ч мөн аль хэдийнэ нүүж шилжсэн байх. Кагошима мужийн Амами-Ошима арлын Коминато дүүрэгт 1.2 метрийн өндөртэй цунами бүртгэгдсэн ч ямар нэгэн том гарз хохирол учраагүй. Гэвч Тонга аралын олон хэсэг үнс нурманд дарагдаж их хохирол амссан. Шархдаж нас барсан хүмүүсийн тоо одоо болтол тодорхойгүй байгаа.
-Цунамитай холбоотой хязгаарлалт хөл хорио тогтоосон уу?
-Одоогоор хязгаарлалт хөл хорио тогтоосон газар байхгүй байна.
-Японы Засгийн газраас иргэддээ өөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд юу байна?
-Цаг уурын хүрээлэнгээс иргэддээ Номхон далайн эрэг дагуу 3 метр хүртэлх өндөр цунами үүсэж болзошгүйг анхааруулсан. Гэхдээ өнөөдрийн өдрийн 14 цагийн мэдээгээр “Тус түрлэгийн түвшин өндөр байх магадлал бага” гэсэн дүгнэлтийг Японы цаг уурын агентлагийн Газар хөдлөлт, цунамигийн хяналтын хэлтсээс мэдээлсэн. Гэхдээ далайн түвшний хэлбэлзэл тэр дороо буурахгүй, хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс цунамигийн дохиоллын механизмыг ашиглаж байгаа байдалтай байна.
Ц.Ганчимэг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13