Д.ДАШМАА: Прокуророос Э.Бат-Үүлийн захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй

Admin | 2022-01-17


Э.Бат-Үүлийн шоронгоос захидал бичих эрхийг прокуророос хаасан талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.

Тэрбээр "Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах шийдвэр гаргах эрх прокурорт байдаггүй.

Э.Бат-Үүлийн тухайд, прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон хүний эрх, үүргийг “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-д тодорхой тусгаж зохицуулсан.

Эдгээр хууль, журамд зааснаар хоригдсон хүн Хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний хяналт байна. Тухайлбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана гэж заасан байдаг" гэв.

Харин Э.Бат-Үүл нь хэвлэн нийтлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар прокурорт хандаж, уулзах хүсэлт гаргахад хариу өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? гэсэн асуултад "Иргэн Э.Бат-Үүлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дугаар хорих ангийг хариуцан хяналт тавьж байгаа прокуроруудад энэ талаар амаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокуророос хууль,заавар журамд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяалах албан тушаалтанд албан бичгээр шилжүүлсэн.

Харин прокурортой биечлэн уулзах тухай хүсэлт нь хорих ангийн захиргаагаар дамжин өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэн байна. Өнөөдөр анги хариуцсан прокурор нь түүнтэй биечлэн уулзахаар болсон" хэмээн ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)