
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Жаргалант суманд ажиллалаа. Ховд хотын иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл болон бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов.
2025 оны улсын төсөвт баруун бүсийн 5 аймагт нийт 115 төсөлд 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан. Тухайлбал, Ховд аймгийн 9 суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын 2 дугаар ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаасан байна. Улсын Их Хурлаас 30 жил гацсан мега төслүүдийн чөдөр тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм. Баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох зорилгын хүрээнд тус УЦС ашиглалтад орсноор дан ганц Ховд аймаг гэлтгүй бүс нутагтаа эрчим хүчний хүндрэлгүй болох боломжтой гэдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан иргэдтэй уулзах үеэрээ дурдлаа. Ховд аймгийн иргэдийн зүгээс арилжааны банкны зээлийн хүүг бууруулах талаар асууж байна. Харин Улсын Их Хурлын даргын зүгээс ирэх хаврын чуулганаар арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой хуулийн хэрэгжилт хяналт тавьж, зээлийн хүүг бууруулах алхам хийхээр зорьж байгаагаа дуулгалаа. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуульд хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хангаж, иргэдэд дарамт биш боломж олгодог хууль, эрх зүйн шинэчлэлийг хийнэ хэмээв.
Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы хувьд шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн 4 аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад хүндрэлтэй, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзах үзэх зарим нөхцөл байдлын талаар хэллээ. Улсын Их Хурлын зүгээс анх удаа улсын төсвийн 1.2 хувийг шүүхийн байгууллагад төсөвлөж, шүүхийн шинэ 5 байрны хөрөнгө оруулалтыг шийдээд байна.
Ховд аймгийн бизнес эрхлэгчид гарч буй хууль тогтоомжууд аж ахуй нэгжүүдэд халтай байх бөгөөд тусгай зөвшөөрлүүд хүндрэл учруулдаг талаар ярьлаа. Түүнчлэн, баруун бүсийн бизнес эрхлэгчид 2000 гаруй км зам туулж, Замын-Үүдээс бараа бүтээгдэхүүн, материал худалдан авч буй нь алдагдал хүлээдэг ба зээлнээс зээлийн хооронд бизнес эрхлэх гэж хичээж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Улсын Их Хурлын даргын зүгээс баруун бүс өөрсдийн гэсэн зах зээлтэй болохын тулд боомтуудын хүчин чадлыг өргөтгөж, хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа мэдэгдлээ.
Тухайлбал, Ховд аймгийн Ярант, Говь-Алтай аймгийн Бургастай зэрэг боомтыг хөгжүүлснээр баруун бүсийн 500 мянга орчим иргэн өөрт ойрхон боомттой болж, эдийн засгийн тэлэлт үүсэх боломжтой гэлээ. Түүнчлэн, хууль хүний эрхийг хамгаалахын төлөө бүрэн хангалттай зориулагдаж чадахгүй байгаа учраас XXI зууны, хүн төвтэй үзэл баримтлалтай, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангадаг байхаар Улсын Их Хурал ажиллаж эхэлсэн талаар онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Ховд аймагт ажиллаж буй томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дуус...
tentsver.mn | 17 минутын өмнө


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчи...
tentsver.mn | 14 цагийн өмнө



Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 18 цагийн өмнө























Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашигла...
tentsver.mn | 2025-02-10

