Дэлхий нийтийн сонирхол буюу Виртуал хөрөнгийн зах зээл

Admin | 2022-03-23


  Дэлхий дахинд дижитал шилжилт маш эрчимтэй явагдаж байна. Ялангуяа эдийн засагт технологид түшиглэсэн “дижитал эдийн засаг” гэсэн бие даасан ойлголт гарч ирсэн. Үүний нэг тод жишээ бол криптовалют юм. Манай улсын эдийн засагт өнгөрсөн оноос крипто валют, биткойн, койн, токен гэсэн үг нэлээд хүчтэй хэрэглээнд орж ирлээ. Ялангуяа оны сүүлээр гарт баригдаж, хэтэвчинд харагдахгүй ч компьютер эсвэл гар утаснаасаа харахад яалт ч үгүй койн хэмээх тоогоор илэрхийлсэн хөрөнгөтэй байж үзлээ, монголчууд. Койн гаргагчид дэлхийн зах зээл рүү тэмүүлж байна. Ер нь дэлхий нийт дижитал хөрөнгийн зах зээлийг ихэд сонирхож, криптовалютын хэрэглээ ч нэмэгдэж байгаа үед бид ч гэсэн энэ талын мэдлэгээ илүү гүнзрүүлэхэд илүүдэхгүй биз ээ. Тэгж байж бид виртуал хөрөнгийн зах зээлд зөв тоглож сурах юм.

Дэлхийн виртуал хөрөнгийн чиг хандлага:

Дэлхийд хоёр секунд тутамд криптовалютын тухай пост цахим орчинд ордог байна. Өдөрт дунджаар 130 тэрбум ам.долларын крипто валютын арилжаа хийгддэг гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн онд крипто зах зээлийн үнэлгээ 35 хувиар өссөн бөгөөд оны эцэст $3 их наяд хүрч түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Үүнээс дэлхий нийт крипто зах зээлийг хэр сонирхож байгаа нь илт харагдах биз ээ. Дэлхий дахинд нийт 16,260 криптовалют, 451 крипто бирж үйл ажиллагаа явуулсан байна. Гэхдээ улс орон бүр өөр өөрийн зохицуулалтыг хийж байгаа. Учир нь технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ тул болгоомжлох нь зүйн хэрэг.

Криптовалютыг хүлээн зөвшөөрсөн орнууд:

-Эль Сальвадор криптовалютыг төлбөрийн хэрэгслээр нээлттэй хүлээн зөвшөөрсөн цорын ганц улс. Бүр засгийн газар нь арилжаанд оролцож биткойн худалдаж авсан бөгөөд  64.7 сая ам.долларын биткойн эзэмшдэг байна.

-Их Британи, БНСУ-д крипто биржийг бүртгэлжүүлдэг байна. БНСУ-ын хувьд 2022 оноос криптовалютын арилжааны орлогод 20 хувийн татвар ногдуулахаар болсон байна.

-Япон улс криптовалютыг хүлээн зөвшөөрч, төлбөр тооцооны хэрэгсэл болгосон.

-Канад, Аргентин, Австрали, Өмнөд Африк зэрэг улсуудад мөн криптовалютыг хэрэглээнд нэвтрүүлж ямар нэг байдлаар зохицуулалт хийжээ.

-Орос, Хятад зэрэг томоохон гүрнүүд виртуал хөрөнгөтэй холбоотой бүхий л үйлчилгээг хориглосон. Хятад улсын тухайд крипто валютын санааг хуулбарлаж өөрсдөө блокчейн технологид суурилсан цахим юань гаргахаар зэхэж байгаатай холбоотой аж.

-АНУ ч мөн одоогоор хориглож байгаа хэдий ч Ерөнхийлөгч Жо Байден тусгайлан крипто зах зээлийг судлах үүрэг өгөөд байгааг дэлхийн виртуал хөрөнгийн судлаачид онцлох болсон.

Виртуал хөрөнгийн бодлого улс оронд өөр өөр хэдий ч дэлхий дахинд хэрэгжиж буй томоохон төслүүд дижитал эдийн засгийг чиглэж байгаа нь бүр ч олны анхаарлыг татах боллоо. Эдийн засаг, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ, видео тоглоом гээд бараг бүхий л салбар виртуал ертөнцөд чиглэсэн томоохон төсөл хэрэгжүүлэх мөн томоохон хөрөнгө босгох талбараа болгон тоглолт хийгээд эхэлжээ.

Жишээлбэл, “Adidas” компани виртуал буюу цахим ертөнцөд үл хөдлөх хөрөнгө худалдан авч, алдартай NFT коллекцтой хамтарч ажиллажээ. Үүнтэй яг ижил үзэгдэл бусад нэртэй брэндүүдийн дунд ч туршигдаж байгаа аж. Тиймээс энэхүү криптовалютыг тойрсон үзэгдлүүд энэ жил виртуал хөрөнгийн зах зээлийг илүү өргөн хүрээтэй болгож үнэлгээг өсгөх нь дамжиггүй гэдгийг эдийн засгийн судлаачид онцолж байгаа юм.

  Монголын виртуал хөрөнгийн чиг хандлага:

Манай улс өнгөрсөн онд криптовалютаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 400 гаруй тэрбум хүрсэн бол арилжаанд нийт дүн 7 орчим их наяд төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл бий. Үүнээс “Caelum” токен цахилгаан станц барих төслөөрөө 142.5 тэрбум төгрөг татаж өнгөрсөн оны хамгийн өндөр хөрөнгө оруулалтаар нэрлэгдэв.Монголд нийт 41 криптовалют, 14 биржийн үйл ажиллагаа явагдсан байна. Криптовалютын зах зээлийн арилжаанд оролцдог, дотоодын биржүүдэд албан ёсны бүртгэлтэй нийт 150 гаруй мянган иргэд, аж ахуйн нэгж байдаг гэсэн тоог Монгол банкны 2021 оны сүүлээр гаргасан судалгаанаас харж болж. Харин 59 койн зах зээлд гарснаас 38 нь анхдагч зах зээлд гарахдаа биржээр дамжиж арилжаанд гарсан бол үлдсэн 21 койн биржээр дамжилгүй хувь хүн этгээд эсвэл аж ахуй нэгжүүд өөрсдөө захиалга авч зах зээлд гаргасан байдаг аж.

Иргэдийн дунд ч нэлээдгүй төөрөгдөл үүсч хаана, хэний гаргасан койн худалдаж авах талаар ойлголт дутмаг байсан нь үнэн. Учир нь койн бол мөнгөө хийгээд цөм ашиг олдог хэрэгсэл гэдэг ойлголт нийтийн дунд тархаад байгаа. Тиймдээ ч энэ зах зээлийг сонирхох хэрэглэгчдийн тоо ч эрс нэмэгдэх болсон. Гэвч манайд криптовалютыг ямар нэг байдлаар зохицуулдаггүй байсан нь иргэдийн дунд ч эрсдлийг дагуулах шалтгаан болж байсан билээ. Бүр байр, машинаа зараад койн худалдан авах тохиолдол ч гарч байсан. Иргэдийн хувьд байгаа хэдэн төгрөгөө гарт баригдахгүй зөвхөн компьютерт харагдах хэдэн тоогоор солино гэдэг утгагүй зүйл байв ч яах аргагүй санхүүгийн асуудлаасаа гарахын тулд нүдээ аниад койн худалдан авч байв. Эрсдэл гарсан тохиолдолд хэн ч хариуцлага хүлээхгүй гэдэг ганцхан ханатай тулгарч байсан. Улс орны зүгээс ч монголын эдийн засагт хүссэн хүсээгүй хүч түрж орж ирсэн криптовалютыг анхаарахаас аргагүйд хүрсэн.

Монгол Улс "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хууль"-тай боллоо

Улмаар манай улсад өнгөрсөн жил криптовалютын талаар нэлээд яригдсаны эцэст “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” батлагдлаа. Хууль өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд криптовалют гаргагчдад стандарт тогтоож бүртгэлжүүлдэг болж байгаа юм.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос бас нэгэн шийдвэрийг гаргасан нь биржээр дамжаагүй 21 койны зах зээл дэх хоёр дахь арилжааг зогсоосон явдал юм. Тэгэхээр 2021 онд хэн дуртай нь койн гаргаж, хөөсрөл үүсгэж байсан явдал намжиж криптовалютын зах зээл цэгцэрч байна гэсэн үг. Энэ хэрээр виртуал хөрөнгийн зах зээл улам өргөжих хандлагатай байна гэдгийг дотоодын хөрөнгийн зах зээлийн шинжээч, судлаачид хэлж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)