Криптовалют хэрэглэгчдийн тоо 417.5 саяд хүрэв

Admin | 2023-06-14


Энэ оны тавдугаар сарын байдлаар криптовалютын хэрэглэгчдийн тоо жилийн 36.9 хувь өсөж 417.5 сая болсон байна. Криптовалютын хэрэглэгчдийн тоог бүсээр нь харвал Ази тив хамгийн олон хэрэглэгчтэй болжээ. Тодруулбал, шар тивийн цахим мөнгө хэрэглэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж 260 сая болсон нь хамгийн том өсөлт болов. Мөн Хойд Америкийнх гурван саяар өсөж 54 сая болсон аж. Харин Африкийн криптовалют хэрэглэгчид 28 хувь, Европынх 38.7 хувь тус тус буурсан байна.

FTX болон бусад биржүүд дампуурсны дараа крипто зах зээлийн зохицуулалтын асуудал хурцадсан ч хэрэглэгчид үргэсэнгүй. Учир нь Америкийн банкны салбарын хямрал, криптовалютуудын өсөлт, криптовалютыг төлбөрийн хэрэгслээр хүлээн авах компаниуд нэмэгдсэн нь хэрэглэгчдийн тоог олшруулсан аж.

Түүнчлэн Энэтхэг, Хятад, Сингапур, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсын банк, санхүү, даатгалын салбарт блокчэйнд суурилсан төлбөрийн шийдлүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор Азид криптовалют хэрэглэгчид нэмэгдэж буй.

Харин Европт “Crypto Assets” (MiCA) хууль батлагдсан нь тус бүс нутгийн криптовалют хэрэглэгчдийг үргээв бололтой. Улмаар тэд Ази, Номхон далайн орнуудад крипто бизнесээ алдах төлөвтэй байна.

Хамгийн их криптовалют эзэмшдэг улсаар Тайланд нэрлэгдэв. Тус улсын нийт хүн амын 9.3 хувь нь криптовалют эзэмшдэг. Тэдний араас Энэтхэгийн криптовалют эзэмшигчдийн нийтэд эзлэх хэмжээ 7.2 хувь байгаа бол Бразилд 7 хувь байгаа аж.

Эдийн засгийн уналт нь хүмүүсийг уламжлалт бус санхүүгийн хэрэгсэлд хөтөлдөг тул инфляц өндөртэй улсад криптовалют эзэмших нь илүү өндөр байх хандлага ажиглагдав. Түүнчлэн дэлхийн томоохон эдийн засгууд, тэр дундаа Америк болон Европын эдийн засаг уналтад орж байгаа тул 2024 онд дэлхийн крипто хөрөнгийн эзэмшлийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)