Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй LUNA койн ямар учраас УНАЛТАД орсон бэ?

Admin | 2022-05-23


   Terra нээлттэй эхийн блокчэйн нь алгоритмд суурилсан стэйблойны дэд бүтцийг хангадаг бөгөөд үүнийг анх 2018 онд До Квон санаачлан, хөгжүүлж эхэлсэн. Terra сүлжээнд LUNA болон Terra гэсэн үндсэн токенууд байх ба Terra стэйблкойн (TeraUSD - UST, TerraKRW, TerraEUR)-ийн ханшийн тогтвортой байдал (peg)-ийг LUNA койныг ашиглан гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, TerraUSD буюу UST койны 1 USD-тэй харьцах ханш < 1 болох үед, UST-тэй хүн тодорхой лимитийн хүрээнд тухайн UST-гээ 1 USD-тэй тэнцэх хэмжээний LUNA койноор сольж авах боломжтой байх ба тэрхүү LUNA-г шинээр минтлэх байдлаар зах зээлд тухайн системийн алгоритм нэмж өгдөг. Эсрэгээрээ ханш их байх үед LUNA койныг шатаах замаар, алгоритм нь тухайн стэйблкойны ханшийг тогворжуулж байдаг гэсэн үг юм. Тэгвэл сүүлийн хэд хоногт UST-ийн USD-тэй ханшийг алдагдуулснаас үүдэн асар их хэмжээний LUNA зах зээлд нийлүүлэгдэж улмаар нийт крипто зах зээлийн томоохон уналтыг үүсгээд байна. Одоо LUNA-д шатаалт хийгдэх үү гэдэг асуулт крипто валютын зах зээлд хамгийн сонирхолтой сэдэв болоод байна.

Terra-гийн үүсгэн байгуулагч До Квон

Крипто валютын шинжээчид дараах тайлбарыг хийж байна:

  • LUNA-гийн ханшид нөлөөлөхийн тулд АНУ-н 2 томоохон банк (Citadel, BlackRock) зохион байгуулалттай, шат дараалалтай арга хэмжээ авсан хэмээн таамаглаад байна. Ингэхдээ АНУ-ийн бодлогын хүү чангарч 0.5 хувиар өссөн нь зах зээлд долларын ханш чангарна, крипто зах зээлд сөргөөр нөлөөлнө гэсэн хүлээлттэй байсан ба энэ үеийг ашиглан дараах үйлдлүүдийг хийжээ.
  • Эдгээр банкууд Gemini crypto trading exchange-ээс 100’000 BTC (ойролцоогоор 3 тэрбум ам.доллар) зээлж аваад, түүнийхээ 25%-ийг 750 сая UST-гээр OTC (шууд хэлцэл) хэлцлээр Terraform Lab-д зарсан. Улмаар, LUNA болон BTC койнууд дээр short буюу ханш унавал ашиг олох арилжаа нээгээд, үргэлжлүүлэн дараах алхмуудыг хийжээ.
  • Curve крипто бирж дээр шинэ төрлийн стэйблкойн лист хийгдэх явцтай зэрэгцүүлэн 300 сая UST-г Curve бирж дээр зарсан. Шалтгаан нь Curve бирж нь шинэ стэйблкойн лист хийгдэж байсан тул UST-ийн хөрвөх чадвар багассан байсан байна. Үүний үр дүнд Curve бирж дээр UST стэйблкойны ханш савлаж эхэлсэн байна.
  • Улмаар, Binance бирж дээр UST-г үргэлжлүүлэн зарж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд Binance бирж дээр UST, LUNA-гийн ханш савлаж эхэлжээ.
  • Үүний дараа, твиттер сүлжээнд олон тооны ботууд LUNA койны талаар сөрөг мэдээлэл тарааж эхэлсэн бөгөөд үр дүнд нь хүмүүс сандралд орж, асар их хэмжээгээр LUNA, UST шилжүүлэх, зарах үйлдлийг хийж эхэлсэн нь гал дээр тос нэмсэнтэй ижил нөлөөг үзүүлж LUNA болон UST-ийн ханш доошоо унаж эхэлжээ. Огцом уналтаас шалтгаалан Anchor Protocol дээрх хүмүүсийн LUNA барьцаалсан зээлүүд шууд хаагдах эрсдэл үүссэн бөгөөд LUNA барьцаалсан зээлтэй хүмүүс систем рүү нэвтрэх гэж оролдох, зарах, шилжүүлэх захиалга өгөх үед системийн ачааллаа дийлээгүй тул дийлэнх нь амжилтгүй болж эхэлсэн байна. Энэ нь асар олон хүний LUNA шууд зарагдаж, тухайн зээл хаагдах нөхцөл бүрэлдүүлж, LUNA-гийн ханш улам унах шалтгааныг мөн нэмжээ.

Luna Foundation Guard буюу LFG-гээс ханшийн уналтыг хамгаалахын тулд 1.5 тэрбум ам.долларын нийлүүлэлт хийсэн хэдий ч хугацааны хувьд нэгэнт оройтсон үйлдэл болсон.

Товчхондоо бол шинжээчид зохион байгуулалттай уналт болсон гэж үзэж байна. Зохион байгуулалттай энэхүү ажиллагаандаа сошиал инфлүүнсэр болон бот ашиглан хүч нэмж, хүмүүсийн сандралаас үүдсэн заралт, цаашлаад Anchor protocol-ийн зээл төлүүлэх автомат механизм гэх мэт олон хүчин зүйлээс үүдэн крипто зах зээлийн ханш бүхэлдээ уналтанд орох нөхцөл бүрэлдсэн байна.

Terra нь өөрийн экосистемийг сэргээхийн тулд санал хураалтаар дараах арга хэмжээг авах шийдвэрийг гаргаад байна.

Шинэ Terra сүлжээг алгоритм-д суурилсан стэйблкойнгүйгээр үүсгэх. Ингэхдээ хуучин LUNA токеныг LUNA Classic буюу LUNC гэж нэрлэх ба шинэ токеноо LUNA гэж нэрлэж, хуучин LUNA, UST зэрэг токенд итгэсэн, хадгалсан, хөгжүүлсэн хүмүүст airdrop байдлаар тараах, TFL-ийн хэтэвчийг хасах зэрэг алхмыг хэрэгжүүлж, шинэ LUNA токеныг бүрэн нийтийн эзэмшлийн токен болгох юм. Энэхүү санал нь 65%-аар дэмжигдээд байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)