Үндэсний музейд "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэн нээгджээ

Admin | 2022-01-24


Монголын Үндэсний музейн Эртний түүхийн танхимд "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэн дэлгэгдсэн тухай ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээллээ. Үзэсгэлэн гуравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна. 

Олдворын тухай

Хүннүгийн язгууртны оршуулгаас алт, мөнгөөр урласан баялаг олдвор илэрч олддог. Мөнгөн эдлэлээс хамгийн сонирхол татсан олдвор бол Ноён уулын 20 дугаар булшнаас илэрсэн грек-ромын хийц маягаар бүтээсэн чимэглэл юм. 15 см голчтой дугуй хэлбэртэй чимэглэлийг хөөмөлдөж урлахдаа эр, эм нүцгэн хүнийг барын арьсан дээр сууснаар дүрсэлжээ.

Эрэгтэйн цээжийг үл ялиг баруун тийш хандсан, хоёр гараараа хойш тулан гэдрэг хагас хэвтэж, толгойгоо арагш гэдийлгэн, хоёр хөлөө хагас нугалсан, эмэгтэйг баруун хөлөө нугалж, зүүн хөлөө хагас нугалан эрэгтэйн баруун өвдгөн дээр цээжээрээ үл ялиг баруун тийш хандан сууж, нүүрээрээ зүүн тийш хагас эргэсэн, зүүн гараа хойш сунган эрэгтэйн баруун мөрөн дээр тавьснаар тус тус дүрсэлсэн ажээ.

Эмэгтэй нь зүүн мөрөн дээгүүрээ арьсан хэвнэг ороож, мөн нуруугаар нь нөмрөг ороон, нэг үзүүрийг баруун гараараа барьж, зүүн гуян дээрээ тавьжээ. Нөмрөгийн ихэнх хэсэг эмэгтэйн хоёр хөл дундуур доош унаж, баруун хөлний шилбэнээс дооших хэсгийг бүрэн халхсан байна. Эмэгтэйн толгойн араар нөмрөгийн хэсэг болон босоо таяг байх бөгөөд түүнийг нарийн хэрчлээсээр нэлэнхийд нь цохижээ. Мөн эмэгтэйн баруун талд хүний дүрслэл бүхий баримал дүрсэлжээ.

Эрэгтэйг дүрслэхдээ булчин шөрмөслөгөөр, хойш налсан буржгар үсийг алтаар шарж, бэлэг эрхтнийг ил гарснаар, эмэгтэйг үсээ хоёр тийш хагалан боосноор, хөх болон бие галбирыг тод томруунаар чадварлаг бүтээж, дугуй талбайд тэгш хуваарилан хөвөөлөн урлажээ. Гадна хүрээг давхар ховилдон, 8 ширхэг нүх тойруулан гаргасан байх ба нэг нүхэнд хадаасны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байв. Чимэглэлийн хүрээ дээд хэсэгтээ гэмтэж, сэтрэн бага зэрэг гажсан байна.

Судлаачид чимэглэлийг 98% мөнгө, 0.8% зэс, 0.02% цагаан тугалга, 0.09% хар тугалга, 0.01% цайрын найрлагатай болохыг тодорхойлжээ.

Энэхүү гайхамшигт олдворыг "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнд ирж бодитоор нь үзэх боломжтой. Музей Мягмар гарагаас Ням гараг хүртэл 09:00-17:30 цагт ажиллах хуваарьтай бөгөөд тасалбар 5,000 төгрөг, хүүхэд үнэгүй гэв.

Музейгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)