“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск амжилттай үргэлжилж байна. “Бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 70 гаруй тамирчин зодоглож буй бөгөөд Иван Ярыгиний гранпри тэмцээнээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм. Тэгвэл тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар Монголын таван бүсгүй медаль хүртээд байна.
Д.Отгонжаргал Монголын медалийн салхийг хагаллаа
Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг амжилттай хагаллаа. Өнгөрсөн жил тус тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж медальгүй хоцорч байсан тэрбээр энэ удаа Беларусийн Анастасия Янотоваг цэвэр ялж шагналын тавцанд зогсов. Манай бөх тус барилдаанд 0:7-гоор хожигдож явсан ч 13 оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарсан. Энэ жинд түүнтэй хар багаасаа нэг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн М.Мөнхгэрэл хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Милана Махачевад цэвэр ялагдлаа.
55 кг-ын жинд Э.Сумъяа, Б.Марал нар хүрэл медаль хүртэв
“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа, 2018 оны өсвөр үеийн Азийн аварга спортын мастер Б.Марал нар 55 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Э.Сумъяа тус тэмцээнээс зургаан медаль хүртээд байгаагаас тав дахь хүрэл нь (2015, 2016, 2017, 2019, 2021 онд хүрэл медаль хүртсэн) болж байна. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Седневаг 12:0-ээр ялсан. Харин “Женко” клубийн 19 настай залуу тамирчин Б.Марал ОХУ-ын Анастасия Яндушкинаг цэвэр ялснаар анх удаа насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүлээ.
Гранпригаас Б.Шоовдор тав дахь медалиа энгэртээ гялалзууллаа
“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл) болж байна. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч 1/4 шигшээд Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагахад эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.
З.Болортунгалагийн дөрөв дэх медаль хүрэл байлаа
Өнгөрсөн жилийн Азийн аварга, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг Красноярскоос өчигдөр барилдсан Монголын бөхчүүдийн хамгийн сүүлийнх буюу тав дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр өчигдөр эхний барилдаандаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Форрест Молинарид оноогоор цэвэр (5:15) ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд Анна Красноваг цэвэр, медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ. З.Болортунгалаг тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалж, 2018, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 2 Жилийн өмнө