Б.Болортуяа 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Admin | 2022-02-28


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Б.Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Тэрбээр Токиогийн олимпийн хүрэл медаль хүртсэн оноон дээрээ Туркэд түрүүлж 13000 оноо нэмснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв.

Өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд хоёрдугаар байрт бичигдэж байна.

Стамбулд хүнд жинд хоёрдугаар байр эзэлсэн олон улсын хэмжээний мастер М.Лхагвагэрэл 65400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив.

Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга 25000 оноогоор зургадугаар байрт, 79 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ 17000 оноогоор наймдугаар байрт, эмэгтэйчүүдийн 50 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал 41200 оноогоор долоодугаар байрт, 57 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг 31000 оноогоор долоодугаар байрт, 59 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор 31000 оноогоор дөрөвдүгээр байрт, 62 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа 31000 оноогоор наймдугаар байрт, 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна. Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13000 оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна. Сонирхуулахад, дэлхийн чансааны оноог гаргахад Стамбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзан үзсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)