Монголын анхны сюрреалист моно дуурь ирэх сарын 12-нд мэндэлнэ

Admin | 2022-03-23


"Ганц цагаан шувуу" хэмээх Монголын анхны сюрреалист моно дуурь ирэх сарын 12-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа мэндлэх гэж байна. Хөгжмийг хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан Х.Алтангэрэл бичсэн бөгөөд тайзнаа амилуулах уран бүтээлч нь дуурийн гоцлооч Э.Отгонбайх нь. Харин цомнолыг М.Энхболд бүтээсэн бөгөөд удирдаачаар Б.Лхагвасүрэн, найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Х.Ууганбаяр, С.Ариунболд, төгөлдөр хуурчаар Ц.Уртнасан нар ажиллаж буй юм байна.

Товч агуулга

Дүр: Би оршихуй

Эхлэл: Би яг энэ мөчид өөрийн дотор оршин байгаа юу. Би хаана байна. Би хэн бэ. Би яг энэ мөчид өөрийн оршихуй болох сэтгэлтэйгээ зөрчилдөн тэмцэлдэж, өөрийн санаагаар бусдыг шүүн хэлэлцэнэ.

Өрнөл: Оршихуй бол зөөлөн сэтгэлийн илэрхийлэл бөгөөд сэтгэл хоосон чанартай цагаан гэгээн гэнэм.

Зөрчил: Би гэх ухаантан өөрийгөө өмгөөлж, бусдыг яллаж, бахархан дуулавч эцэст нь би ганцаардан хэнд ч хэрэггүй хаягдаж, өс хорсолдоо хөтлөгдөнө.

Тайлал: Бие болон би гэх ухаанд хүлэгдэж, бусдын эрхээр доромжлогдон мохсон сэтгэл эхээс төрсөн мэт анхны мэдрэмжийг ухаарч мэдвэл сэтгэл хэмээх оршихуйн хүч чадлыг олж тэнгэр газрын завсарт эрх чөлөөт цагаан шувуу болон дүүлнэ.

Сэтгэл хэмээх мөнхийн оршихуй тэнгэрлиг оршихуйн бэлэгдэл ганц цагаан шувуу таны сэтгэлийн хаалгыг нээж эрх чөлөө рүү хөтөлнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)