Хятадын өмнөд нутгийн Гуанси-Жуаны өөртөө засах оронд даваа гарагт осолдсон “China Eastern Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг лхагва гарагт олсон талаар тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын нислэгийн ослыг мөрдөн шалгах төвийн дарга Мао Яньфэн мэдээлжээ.
“Хар хайрцаг ноцтой эвдэрсэн байсан бөгөөд мөрдөн шалгах баг үүнийг нислэгийн мэдээллийг хадгалдаг хар хайрцаг уу, дуу хураагуур уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Бид нөгөө хар хайрцгийг ч мөн ойрын хугацаанд олж, мэргэжлийн лаборатори руу илгээнэ хэмээн найдаж байна” гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Лхагва гарагт бороо орсон нь эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учруулсан бөгөөд нисэх онгоцонд байсан 132 хүнийг, мөн үлдсэн хар хайрцгийг хайх ажил үргэлжилсээр байна. Аврагчид лхагва гаргийн үдэд тусгай төхөөрөмж ашиглан осол болсон газрын доогуурх хэсгийг шалгаснаас гадна эрэн хайх ажиллагаа явуулж буй газрын цар хүрээгээ өргөтгөжээ.
Мао Яньфэний мэдээлснээр, нисэх онгоц осолдох үед цаг агаар хэвийн байжээ. Мөн нисэх баг, агаарын хөдөлгөөнийг хянах албаныхны хоорондын харилцаа холбооноос үзэхэд нисэх онгоц Куньмин хотоос хөөрснөөс хойш гэнэт өндрөө алдах хүртэл харилцаа хэвийн үргэлжилсэн байна.
“Boeing 737” нисэх онгоцыг “China Eastern Airlines” компани 2015 оны зургаадугаар сарын 22-нд хүлээн авчээ. Нисэх онгоц даваа гарагт нислэгт гарахаасаа өмнө засвар үйлчилгээний стандарт болон нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан байсныг тус компанийн Юньнань муж дахь салбарын дарга Сунь Шиин мэдээлжээ.
“Нисэх багийн бүрэлдэхүүний хувьд нэг ахмад, хоёр туслах нисгэгчээс бүрдсэн. Нисгэгчид бүгд хүчинтэй хугацаа бүхий нисгэгчийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээтэй, эрүүл саруул, нислэгийн бүрэн туршлагатай байсан. Мөн гэр бүлийн хувьд асуудалгүй байсныг бидэнд цугларсан мэдээлэл харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт ор...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруу...
tentsver.mn | 13 цагийн өмнө