Хэвлэлийн эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байхгүй. Хишгээгийн Нямбаатарт ч...

Admin | 2022-06-12


   Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амин сүнс. Хэрвээ хэвлэлийн эрх чөлөөгөө алдчихвал энэ нийгэмд өөр эрх, эрх чөлөө үлдэхгүй. Гэтэл сэтгүүлчийн эрхэд хууль сахиулагч халдсан тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах боллоо. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс нэгхэн жилийн дотор 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгдэх болсон нь 2022 оны үзүүлэлт. Хэрэв энэ байдлаар цагдаа нь сэтгүүлчдийг дарамтлах байдал  даамжирвал ирэх жил ахиад хэдэд ч эрэмбэлэгдэх юм билээ.

Хэдхэн хоногийн өмнө ажлаа хийж явсан сэтгүүлчийг цагдаа нар дарамталж баривчилаад, хэдэн цагаар хорьж цагдсан асуудал нийгэмд шуугиан тарьсан. Энэ асуудал дэлгэгдэж олон нийт эгдүүцэж, сэтгүүлчид эсэргүүцээд эхэлмэгц Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уучлал хүсэж, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм. Харамсалтай нь сайдын энэ үйлдэл үнэндээ жүжиг байсан юм уу гэж асуухад хүрч байна. Учир нь үүнээс хэдхэн цагийн дараа цагдаагийн энгэрийн камерын бичлэг цацагдаж, сэтгүүлчийг зүхээд эхлэв. Уг нь энэ бичлэгийг ил болгоход прокурорын зөвшөөрөл хэрэгтэй. Энгийн иргэний эрх зөрчигдөж энгэрийн камерын бичлэгийг ил болгох шаардлага гарахад олдож өгдөггүй энэ зөвшөөрөл цагдаа нарт амархан олддог, эсвэл хэрэггүй байдаг бололтой.

Ингээд биеэ өмгөөлөх гэсэн цагдаа нар сэтгүүлчийг жүжигчин болгож харагдуулахын тулд энэ бичлэгийг дэлгэхдээ “арчаагүй эм, бузартай хүүхэн” гэх мэт үгсээр дайрсан гэж хардах хангалттай үндэслэл байна. Энгэрийн камерын бичлэг ийм л тайлбартайгаар сошиал орчинд хүчтэй сэвэгдэж байгааг өөр юу ч гэж тайлбарлах билээ.

Цагдаа нар энгийн иргэний, жагсагчийн, сэтгүүлчийн биед энэ мэтээр халдчихаад уучлал хүсээд өнгөрч байсан тохиолдол олон. Гэвч тэд зүгээр ч нэг уучлал хүсээд өнгөрөөгүй, хойноос “хутгалахаа” ч мартсангүй.

Дөрөвдүгээр сард залуус төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлэх үеэр 69 иргэнийг баривчилсан. Энэ үеэр цагдаа хэрхэн хүний биед халдаж байгаа нь шууд бичлэгүүдэд үлдсэн байдаг. Ингээд ХЭҮК ч цагдаа хүний эрхэд халдсан гэх дүгнэлт гаргасан. Цагдаа нар хэдхэн сарын дараа энэ үйлдлээ сэтгүүлчдэд давтав. Хууль хүчнийхэн асуудал гаргах болгондоо цаашид хүний эрхийг зөрчсөн ийм үйлдэл давтагдахгүй гэдэг ч давтсаар байдаг нь харамсалтай.

Угтаа сэтгүүлч цагдаа хоёр дайсан байх учиргүй. Ажлаа хийж яваа сэтгүүлчийг барьж аваад хорих нь битгий хэл урдуур нь хэрж зогсоод хөдөлгөхгүй байх эрх ч цагдаад байхгүй. Тэд зөвхөн хэв журмыг сахиулах үүрэгтэй. Ер нь цагдаа нар хэдийг болтол даргын хэлсэн үгээр нохойд барьдаг мод шиг аашлах вэ. Цагдаа нарын энэ мэт ёс бус үйлдийг эсэргүүцсэн сэтгүүлч нар өнөөдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага тавьж цуглаан зохион байгуулахаар болжээ.

Эцэст нь хэлэхэд, Хэвлэлийн эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байхгүй. Хишгээгийн Нямбаатарт ч байхгүй. Учир нь, хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчийн эрхийн тухай ойлголт бус юм. Нийгмийн мэдэх эрхийн тухай ойлголт. Тиймээс ч Монгол Улс Эрүүгийн хуульдаа ийн зааж өгсөн байдаг.

Монгол Улсын Эрүүгийн хууль

14.2 Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах

Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

14.2 Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах

Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

                                                                                                                                                       Эх сурвалж: http://eagle.mn/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)