Д.СУМЪЯАБАЗАР: Гүний цэвэр усаа хамгаалах, хөрсний бохирдлыг шийдэх гарц бол хотыг дахин төлөвлөх

Admin | 2022-06-13


Усны тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга усны нөөц болон усны зохистой хэрэглээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулна гэж заасан байдаг. Уг ажлыг цогцоор нь хийж, хэрэгжүүлэхийн тулд Хот байгуулалт, хөгжлийн газар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ болон холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийхээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх талаар нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа вэ?

-Дэлхий дахины хөгжлийн явцад улс орнуудад хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг нь ундны цэвэр усны хэрэглээ юм. Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээ бол зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал мөн. 2018 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны цэвэр усны хоёрдугаар эх үүсвэрийг Сонгинохайрхан дүүргийн бэлд байгуулах тохиролцоо хийсэн. Энэ ажил 2020 оноос хэрэгжиж эхлэн өдгөө бүтээн байгуулалт нь ид өрнөж байна. 

Ундны усны хоёр эх үүсвэртэй болсноор хотын иргэд 60 жил ундны цэвэр усанд санаа зовохгүй амьдрах нөхцөл бүрдэнэ.

Нөгөө талдаа бид ундны цэвэр усаа маш ариг гамтай хэрэглэх шаардлагатай байна. Иймд нийслэлийн зүгээс саарал усыг зөв хэрэглээг хэвшүүлэх, саарал ус боловсруулах технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Хотод шинээр барьж буй орон сууцны шугам хоолойн стандарт гэж байдаг уу?

-Байгаа боловч шинэчлэх ёстой. Улаанбаатар хотод 2500 орчим стандарт мөрдөгдөж байгаа ч 40-50 хувь нь шаардлага хангахгүй, шинэчлэх хэмжээнд очсон. Тиймээс бид шинэчлэлийн хүрээнд барилга байгууламж, иргэдийн амьдрах орчинтой холбоотой 97 стандартыг боловсруулж, эхнээс нь баталж байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахын тулд нэг төвт хотоос олон төвт хот болох бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Үүнтэй уялдан хөрсний бохирдлын асуудал мөн урган гарч ирнэ. Иймд гүний цэвэр усаа хамгаалахын тулд хөрсний бохирдлыг бас авч үзэх хэрэгтэй.

Хөрсний бохирдлыг нэг мөсөн шийдэх гарц бол Улаанбаатар хотыг дахин төлөвлөх явдал. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж чадсанаар инженерийн хуучирсан шугам сүлжээ, байгууламжийг дунд болон урт хугацаандаа шинэчилж чадна.

1965-1990 онд хот төлөвлөлт зөв явж байсан ч 1990 онд нийгэмд өөрчлөлт гарсан үеэс алдагдсан. Иймд Улаанбаатар хотыг дахин төлөвлөх шаардлагатай. Дахин төлөвлөхдөө баруун тал руугаа төлөвлөх нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор тусдаа Ажлын хэсэг гарч, Японы зөвлөх инженерүүд, Сингапурын “Си пи жи” корпорацтай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд дараагийн 30 жилд хот ямар байх талаар төлөвлөгөө боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар оруулахаар зорьж байна хэмээсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)