Төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-ад орох хугацаа нь дөхөх тусам айх, сандрах байдал нь нэмэгддэг. Мөн “Хүссэн сургуульдаа орж чадах болов уу”, “ЭЕШ ямархуу байх бол” гэх санаа зовсон бодлуудын цаана “Их сургуулийн амьдрал ямар бол” гэх битүүхэн догдлолтой байдаг. Тэгвэл тун удалгүй буюу энэ сарын 23-ны өдрөөс ЭЕШ эхлэх гэж байна. Бид ЭЕШ өгөх сурагчдын сэтгэл зүй болон хэрхэн сэтгэл зүйгээ бэлдэх нь үр дүнтэй байх талаар СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч, АУ-ны магистр П.Энх-Учралтай ярилцлаа.
-ЭЕШ дөхөх тусам өөртөө итгэлгүй болж, сайн бэлдсэн болов уу, муу үр дүн гаргах вий гэсэн айдас ихэнх сурагчдыг сэтгэл зүйн тогтворгүй байдалд оруулдаг. Амьдралынхаа чухал шинэ хэсгийг эхлүүлэх нэг алхам учир айдастай байх нь аргагүй ч гэлээ хэрхэн энэ үеийг даван туулах хэрэгтэй вэ?
-Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг үг энэ үед бусдад их нэмэр болдог санагддаг. Түгшсэн, түгшээгүй шалгалт болдгоороо болно гэж өөртөө хэлээрэй. Энэ үед хүний сэтгэл зүй аяндаа зориг орж эхэлдэг. Өмнө нь ч явцын олон шалгалт өгч байсан шүү дээ. Тэдгээр шалгалтуудын өмнө мөн л сандарч, түгшиж байсан байх. Тэр үеүдээ эргэн санаарай. Дараа нь бодоход юундаа ч сандарсан юм бэ дээ гэж бодогддог шүү дээ. ЭЕШ ч мөн адил олон шалгалтын нэг гэж адилтгаж бодвол даваад гарахад илүү хялбар байх болно.
-ЭЕШ өгөх сурагчдад эцэг эх, хамаатан садангаас нь хэт их хүлээлт өгчихдөг шүү дээ. Энэ нь энгийн яриа байж болох ч хүүхдэд өөрт нь маш их сэтгэл зүйн дарамт болдог юм байна. Ер нь эцэг эхчүүд ЭЕШ өгөх хүүхдэдээ хэрхэн зөвлөж, яаж харьцах нь зөв бэ?
-Санал нэг байна.
Миний охин (хүү) чадна аа, итгэж байна, үзүүлээд өгөөрэй гэх зэргээр урмын зоригжуулах үгс л хамгийн их хэрэгтэй байдаг.
Бас хүүхэд тань их сандарсан бол өөрсдийн туршлагаа хуваалцах хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдийнхөө үед яаж ЭЕШ-аа өгч байсан, ямар туршлагатай, ямар дурсамжтай байсан талаараа хуваалцах нь их үр дүнтэй байдаг даа.
-ЭЕШ-ын яг урьд өдөр сэтгэл зүйдээ хэрхэн анхаарах хэрэгтэй вэ. Хамгийн их санаа зовж, сандардаг үе шүү дээ?
-Шалгалтын өмнөх орой сайхан унтаж амар. Өглөө нь сэрээд харах зүйлс байвал харж ав. Хүмүүстэй ойр зуурын юм ярих хэрэггүй. Зөвхөн шалгалтад хамаатай зүйлсээ ярьж, уншиж харж байгаад орвол зүгээр байдаг. Учир нь олон зүйлд сатаарах тусам анхаарал сарниж, шалгалтад зарцуулагдах оюуны энерги буурдаг. Цаашлаад шалгалтын бүтээмж буурч, зарим зүйлээ санах гээд ч санаж чадахгүй байдал үүсдэг. Тиймээс оюуны энергиэ сайн нөөцөлж зөв зүйлд зарцуулаарай. Амжилт хүсье.
А.МӨНХНАРАН