Ажилчдадаа урамшуулал олгосон гэх нэрийдлээр хувийн зээлээ төлсөн байжээ

Admin | 2022-06-14


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 06-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн нийт 647 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 629 хэрэг шалгагдаж байна.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан “П” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон хууль бусаар газар олгосон гэх;
  • Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгч “Д” нь ажилчдад урамшуулал ур чадварын нэмэгдэл олгосноор хуурамч бичилт хийж мөнгө гарган түүгээрээ зээлийн төлөлт хийж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200.0 сая төгрөг хахуульд авсан,  худалдан авах ажиллагааны явцад болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “О” нь Нийслэлийн тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал олж авсан, нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны харьяа Богд-хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн “М” нь хяналт шалгалтын ажиллагаа явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд компанийн хувьцаа эзэмшигч “Э”-с хээл хахууль авсан. Аялагч түр буудаллах, отголох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь “Монголросцветмет” ХХК /ТӨҮГ/-ын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох Драга-250 төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар зарж борлуулсан гэх;
  • Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Э” нь “Б” ХХК-аас хахууль авсан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

Түүнчлэн хэрэг бүртгэлтийн хэрэгт 6 объектод нэгжлэгийн ажиллагааг явуулсан гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)