ГХЯ: “КК парк”-д байгаа иргэд Монгол руу буцъя гэсэн хүсэлт гаргаагүй

Admin | 2022-10-12


Азийн Тайланд, Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсын иргэдийг хулгайлах, ажилд зуучлах нэрээр залилан мэхлэх зэрэг арга замаар эрхшээлдээ оруулж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг “КК парк” гэх байгууллагын талаарх мэдээлэл олон улсад шуугиан тариад байгаа билээ.

Тус бүсэд Монгол Улсын 15 иргэн байгаа талаар Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргаад байгаа юм. Тэгвэл Гадаад хэргийн яамнаас энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч талаар тодруулахад, “Тухайн иргэдтэй байнгын холбоотой байгаа. Ажил хийх гэж тэнд очсон иргэд. Цалингаа өгөхгүй маргасан асуудал гарсан юм билээ. Тэрнээс өөрөөр тэнд хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймааны золиос болоогүй. Тайландад суух Элчин сайдын яаманд одоогоор Монгол руу буцъя, тусламж хэрэгтэй байна гэх хүсэлт ирээгүй” гэлээ. Ямартай ч тус бүс нутагт ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь үнэн. Нөгөө талаас Монгол иргэд хөдөлмөрийн мөлжлөг болоод хүний наймааны золиос болоогүй нь тодорхой боллоо.

“КК парк” гэж ямар байгууллага вэ?  

Тус бүс нутаг нь аль ч улсын мэдэлд байдаггүй.

“КК парк” гэх энэхүү байгууллага нь Камбож, Тайланд, Малайз, Вьетнам зэрэг Азийн улс орны иргэдийг хулгайлах, хуурч мэхлэх замаар эрхшээлдээ оруулж, Камбож, Мьянмар дахь үйлдвэрүүддээ албадан хөдөлмөр эрхлүүлдэг болох нь тогтоогдоод байгаа гэнэ.

Дээрх гэмт хэргээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худал зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлдэг. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлдэг байна.

Д.ЦЭГЦ 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)