АРВАН АЙМГИЙН ТӨВД ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХААР ГЭРЭЭ ХИЙЛЭЭ

Admin | 2021-12-27


Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байна. Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна. Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг 7 аймгийн төвд хэрэгжих төслийн барилга угсралтын ажил эхэлж, талууд өнөөдөр  гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, БНСУ-ын Экспорт Импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, “Бюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Гүйцэтгэгч “Бюксан инженеринг” компани дээрх аймгийн төвүүдэд:

- 180 Гкал/цаг нийлбэр хүчин чадалтай 19 зуух бүхий 7 дулааны станц,

- 46 км урттай хос дулаан дамжуулах шугам,

- 57 дулаан дамжуулах төвийг 26,5 сарын хугацаанд тус тус барьж, хүлээлгэн өгөх юм.

Төслийн хүрээнд баригдах дулааны станцууд нь төвлөрсөн дулаан хангамжаар хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай. Дулааны улиралд ажиллах хэрэгцээний халуун усны бага чадлын зуух, хувьсах зарцуулалттай насос, галын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж, автомат удирдлагын систем, үнс, шаарга хадгалах битүү сав, эхний галлагаа хийх шингэн түлшний систем зэрэг дэвшилтэт технологийг багтаасан.

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, нийгэмд дараах нөлөөллийг үзүүлнэ:

- Дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжиж, бүс нутгийн хөгжил түргэснэ,

- Байгаль орчны бохирдол буурч, амьсгалын замын өвчлөл буурна,

- Ажлын байрны аюулгүй байдал хангагдаж, үйлдвэрлэлээс шалтгаалах өвчлөл, аваарь осол буурна,

- Иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдсэнээр нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарна,

- 1000 орчим ажлын байр бий болно

- 737 аж ахуйн нэгж, байгууллага дулааны эрчим хүчээр хангагдана,

- 437 төсөвт байгууллага дулааны эрчим хүчээр хангагдана,

- 547 нийтийн орон сууц дулааны эрчим хүчээр хангагдана,

- 1086 амины орон сууц дулааны эрчим хүчээр хангагдана,

- 50 м2 талбайтай 6189 айл өрх шинээр дулааны эрчим хүчээр хангагдах боломж тус тус бүрдэнэ.

Төсөлд хамрагдах 10 аймгаас үлдсэн 3 аймгийн төв (Архангай, Дундговь, Төв)-д дулааны станц барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлж, 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)