Т.ДОРЖХАНД: Манай улсад дефолт буюу дампуурлын нөхцөл байдал үүсээд эхэлчихсэн

Admin | 2022-10-16


УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандтай ярилцлаа.

-Монгол Улсыг өрөө төлж чадахгүй байх эрсдэлтэй улсуудын жагсаалтад оруулсан гэдэг мэдээлэл гарсан. Ирэх онд бид их хэмжээний гадаад өр төлөх хүлээлттэй байгаа?

- Гаднын улс орнуудад манай улсыг Шри Ланкийн араас орлоо гэсэн мэдээлэл тарааж байна. Үүнээс болж засгийн газрын бондууд унаж, хүү нь өсчихсөн. Дефолт гэдэг маань хамгийн энгийнээр гаднын өр зээлээ төлж чадахгүйд хүрч дампуурч буй байдал шүү дээ. Өнөөдрийн байдлаар манай улсад дефолт буюу дампуурлын нөхцөл байдал үүсээд эхэлчихсэн байна. Засгийн газрын бондуудын үнэ шалаар нэг болтлоо уналаа. Учир нь манай улсад хөрөнгө оруулагч улс байхгүй болсон. Хоёрдугаарт ирэх жилийн маш их өр төлбөр хүлээгдээд байна. Хятадын төв банкны 2.5 тэрбум ам.доллар, Засгийн газрын бонд, хөгжлийн банкны бонд 1.3 тэрбум ам.долларын өр нийтдээ 4 гаруй тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Гэтэл манай улсын валютын нөөц 2.5-2.6 тэрбум ам.доллар байна. Энгийнээр хэлэхэд энэ мөнгө дан ганц Засгийн газар, Монгол банкны мөнгө биш. Энд иргэдийн мөнгө ч бий.

-Дефолттой нүүр тулахад хэр ойр байна вэ?

-Хэрэв бид энэ байдлаараа цааш үргэлжилбэл ирэх оны гуравдугаар улиралд дефолтын нөхцөл байдалтай нүүр тулна. Энэ жил бид 137 сая ам.долларын бондын өр төлбөрийг 12 сард төлөх ёстой. Түүнийг бол төлчихнө. Харин ирэх оны Засгийн газрын 500 сая ам.доллар, хөгжлийн банкны 500 сая евро бондыг, Самуурайн бондыг өрийг төлөөд явах ёстой. Энэ өрөө төлөх ам.доллар байна уу гэвэл байхгүй.

-Дефолтын нөхцөл байдлаас гарах боломж бий юу. Хүндрэл багатай туулах арга юу байна?

-Засгийн газрын хувьд бонд шинээр гаргаад түүнийгээ санхүүжүүлэх нөхцөл байдал руу орно гэсэн үг.  Өрийг өрөөр санхүүжүүлнэ л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр Засгийн газрын бондын үнэлгээ 30 хувь болсон. Бид ам.доллароор 30 хувийн хүүтэй мөнгө босгох л боломжтой боллоо. Гэтэл ямар ч хүн ам.долларын 30 хувийн зээл авчхаад ямар бизнес хийж чадах билээ дээ. Энэ бол бодит эрсдэл.

Үүнээс гарах гарц нь төсвөө танах. Ядаж л өмнөх жилийн түвшинд авчир аа, алдагдалгүй баталчих аа. Одоо 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Нэмээд болохгүй байгаа зардлаа царцаачих. Жишээлбэл, дуусаагүй байгаа барилгуудаа бүгдийг нь зар. Мөн тэтгэврийнхээ реформыг зоригтой хий. Халамжийнхаа бодлогыг шинэчил, ажил хийх хүнгүй боллоо шүү дээ.

Иргэддээ таалагдсан юм яриад л алга ташуулаад халамж өгөөд байвал цаашид гарах сөрөг үр дагавар нь асар их болно. Макро эдийн засгийн онол гэж бий. Онол гэдэг нэг л юм байдаг. Уянгалаад хайр зарлаад байвал Шри Ланкийн араас орно. Хатуу ч гэлээ Засгийн газар зоригтой алхам хийх хэрэгтэй. Тэдэнд 62 суудал байна. Иргэддээ болохгүй байгаагаа, чадахгүй байгаагаа хэлэх л хэрэгтэй.

-Та гишүүний хувьд улс төрийн акц үзүүлэх үү?

-Би мөнгөний бодлогод маш шүүмжлэлтэй байгаа. Хэт улс төржсөн, цаг алдсан зүйл. Иймд Монголбанк удирдлагаа солих ёстой. Илүү сайн, зарчимтай томилгоог хийх хэрэгтэй. Өмнө жил би мөнгөний бодлого хэлэлцэж байх үеэр та нар ханшаа алдана шүү гэж хэлж байсан. Энэ тохиолдолд инфляц өсөх нь ойлгомжтой үед ханшаа барих ёстой байсан юм. Нэг талдаа хүү өсгөж байгаа хэр нь нөгөө талдаа Засгийн газартайгаа нийлүүлээд зах зээл рүү мөнгө хийгээд байгаа үр дүн нь ханштай холбоотой л асуудал. Засгийн газар Монголбанк хоёр буруу зүйл дээр хамтарч ажиллаад байсан. Мөнгө угаалт барилгын салбарт хамгийн их явагдсан.

Тухайн үед орон сууц  худалдан авах хүн байгаагүй учраас Монголбанк 5-6 их наяд төгрөг хэвлээд ипотекийн 3 хувийн хүүтэй хөтөлбөр зарлаад авчихсан. Засгийн газар нь хийх ажлыг Монгол банк хийчихсэн.

Үүнийгээ Засгийн газар луу шилжүүл ээ гээд байхад Монголбанк шилжүүлээгүй. Одоо хүртэл аваад л яваад байна. Нэг гараараа зах зээл рүү мөнгө гаргаад нөгөө гараараа худалдааг дэмжээд нөөцөө самраад өнөөдөр нөөцгүй болчихсон. Одоо тэд “Одоо яах билээ?” гэсэн асуултын тэмдэгтэй сууж байгаа нь хариуцлагагүй асуудал юм.

А.МӨНХНАРАН 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)