
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг үүрэгт ажлаас нь энэ сарын 11-нд чөлөөлөх Ерөнхий сайдын захирамж гарсан бөгөөд өнөөдөр олон нийтэд мэдээллээ.
Тэгвэл Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг ямар учраас үүрэгт ажлаас нь чөлөөлөх болов.
Товчхон тайлбарлавал Засаг дарга М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хууль бус захирамж гарган “Нобле Энержи” ХХК-д ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон нь өнөөдөр ажлаасаа буух гол шалтгаан болжээ. Түүнийг ганц дээрх шалтгаанаар ч биш албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус үйлдэл удаа дараа хийсэн гэдэг нь баримтаар нотлогдсон бололтой. Тодруулбал, тэрбээр газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.
М.Батжаргалын хувьд аймгийн Засаг дарга болохоосоо өмнө 2012 онд Архангай аймгийн Засаг даргын орлогч, 2016 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ажлыг хашиж байсан аж. Улмаар 2021 оны наймдугаар сард аймгийн Засаг даргын ажлыг аваад байсан нь энэ юм. Тэрбээр дөнгөж жил хоёр сар гаруйн хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллаад ийн албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр халагдлаа.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, Засаг даргаа огцруулсан байдаг. Тодруулбал, нийт 39 төлөөлөгчийн 21 нь уг хуралд оролцож, 20 хүний саналаар Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан. Тус аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 20 нь АН-ын төлөөлөгч, 19 нь МАН-ын төлөөлөгч бөгөөд тус аймагт АН засаглаж байсан ч АН-ын хоёр гишүүн намынхаа эсрэг ажилласнаар аймгийн Засаг дарга Д.Золжаргал огцорсон юм. Улмаар тус намын гишүүн М.Батжаргалыг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсаас санаачлан боловсруулсан стандарт анх удаа олон...
tentsver.mn | 6 цагийн өмнө



Эмч нарын цалинг Сангийн яамнаас судалж, гарц шийдэл хайхаар...
tentsver.mn | 11 цагийн өмнө


























