50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Admin | 2022-11-14


   Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг  Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ. Энэхүү нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон Ковид 19 цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан холбогдох танилцуулгыг хийсэн. Нийслэл Улаанбаатар хотод  амьдарч буй айл өрхүүдийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд амьдарч байна. Судалгаагаар эдгээр өрхийн 87.4 хувь  нь  орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иргэдийн хувьд орон сууц худалдан авахад тулгарч буй гол  бэрхшээл нь урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг шалтгаан байгаа юм.

 

Тиймээс НОСК нь 2022-2023 оны хугацаанд 15 жилийн хугацаатай,  8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, Монгол банкинд худалдахаар төлөвлөсөн байна. Улмаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудаас гадна цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангахаар төлөвлөж буйг М.Говьсайхан хэллээ.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй бөгөөд зах зээлд бэлэн байгаа орон сууцуудаас худалдан авч, иргэдийг оруулах юм байна.   Төлөөлөгчид хэлэлцэж буй  асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл яг зорилтот иргэддээ хүрэх, алсын дүүргийн иргэдийг хамруулах, бодит  үр дүн хэзээ гарах зэрэг асуудлыг тодрууллаа.  Харин Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат энэхүү тогтоол эрх зүйн чадамжгүй болчихвий гэдэг асуудлыг санууллаа. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд УИХ-ын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн охин компани байгуулж болохгүй гэсэн заалт бий аж.  Тиймээс хэрэгжүүлэх гэж байгаа төсөл, хөтөлбөрөө Засаг даргаар батлуулсны дараа Нийслэлийн ИТХ-д  оруулж ирэх хэрэгтэйг хэлсэн юм. Мөн Монголбанк төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа тул тус банкнаас албан ёсны зөвшөөрөл авсан эсэхийг тодруулсан юм.  

Энэхүү асуултад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга хариулахдаа “Төрийн хэмнэлтийн тухай хууль 2020 онд батлагдсан бөгөөд уг хуулиар Засгийн газрын өмнөх шийдвэрүүд хүчингүй гэсэн утгатай биш” хэмээн тайлбарласан юм. Харин төлөөлөгч М.Халиунбат  НОСК-ийн дэргэд охин компани байгуулах албан ёсны шийдвэр гараагүй тул, асуудлаа дахин нягтлахыг санууллаа. Харин Монголбанк энэ ондоо багтаж хэрэгжүүлэх боломжтой  гэсэн хариу өгчээ.  Иргэдийг энэхүү хөтөлбөрт хамруулахдаа Зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулах аж.  Асуудлыг төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

Товчхон:   

Нийслэлийн 2020 оны “Орон сууцны хөтөлбөр”-ийн хөрөнгөөр СХД-ийн  6 дугаар  хорооны нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 22 айлын  орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга баригдах болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ-т бүртгэлтэй  14 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн хуучин барилга, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлын хүрээнд буулгасан  Нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй гаражийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Дээрх 2 барилга нь нийт 19,872,37 төгрөгийн үнэлгээтэй аж.  

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Контор улаан булангийн барилгыг Чингэлтэйн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих төв ОНӨТҮГ-ын балансад шилжүүлэхийг  хэлэлцэн дэмжлээ. 

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн халамжийн газрын шаардах эрхийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих  төв ОНӨТҮГ-т шилжүүлэхийг дэмжлээ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр эмнэлгийн барилга барих болсонтой холбогдуулан Баянзүрх дүүрэгт буй 2 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр энэхүү 2 барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болох  нь тогтоогджээ. Тухайлбал, БЗД-ийн 17 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгад ашиглалтын шаардлага хангахгүй тухай Улсын байцаагчийн дүгнэлт 2019 онд гарсан бол, 20 дугаар хороо Гачуурт тосгоны Эрүүл мэндийн өсвийн барилга байгууламжид 2012 онд акт тавьсан байна. 

 

                                                                                                                                                                                                                                     Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)