УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр Ус сувгийн удирдах газрын (УСУГ) харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Туул голд цутгаж байгаа усны чанартай танилцав.
УСУГ-ын дарга Ц.Төрхүү Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, тулгамдаж буй зарим асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар Ажлын хэсгийнхэнд танилцуулсан.
Тэрбээр, “Төв цэвэрлэх байгууламж нь ус бохирдуулагч байгууллага биш. Гэтэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар манай байгууллага дээр 11 тэрбум гаруй төгрөгийн төлбөр гараад байна. Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир ус байх ёстой хэмжээнээсээ 3-5 дахин их бохирдолтой байна. Бид үүний 80-88 хувийг цэвэршүүлж байгальд нийлүүлдэг. Уг байгууламж хоногт 160-170 мянган куб.метр усыг хүлээн авч, цэвэршүүлэх хүчин чадалтай ч, өнөөдөр гэхэд 183 мянган куб.метр ус ирсэн байна. Байгууламж нь ахуйн хэрэглээний усыг цэвэрлэх зориулалттай хэдий ч химийн гаралтай бохирдолтой ус ирж байна. Томоохон эмнэлгүүд, арьс ширний болон хүнсний үйлдвэрүүдээс маш их бохирдолтой ус шууд ирж байгаа нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болгож байна” хэмээн ярьж байлаа.
Мөн Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзориг энэ талаар хэлсэн үгэндээ, “Ус бохирдуулсны төлбөрийг тухайн холбогдох иргэн, аж ахуйн нэгж төлөх нь зүйтэй. Төв цэвэрлэх байгууламж дээр нь энэ төлбөрийг тавьж байгаа нь учир дутагдалтай тул энэ асуудлыг эргэн харах шаардлагатай. Иймд ус бохирдуулсныг хянах, төлбөр тогтоох, хураах асуудлыг маш тодорхой болгох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь чухал байна” дурдсан.