Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна. Иймээс оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зохион байгуулалтад орж, НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ханджээ. Энэ дагуу НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, мөн НИТХ-ын төлөөлөгч нараас бүрдсэн хоёр Ажлын хэсэг гарч, дүгнэлтээ гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ иргэдэд танилцуулсан юм.
“Наран трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургуулийн цогцолбор зориулалтаар 19,980 ам.метр газар эзэмшдэг. Гэвч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байна. Иймээс өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 ам.метр газрыг хасаж, эзэмших талбайн хэмжээг өөрчиллөө. Мөн “Наран трейд” ХХК нь эзэмшиж байгаа газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан бөгөөд тус компанид барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн тул Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгов.