Эрүүл мэндийн салбарт шинэчлэл дагуулсан шинэ технологиуд

Admin | 2022-11-21


Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг энэ сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас зохион байгууллаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилгоор өдөрлөг, үзэсгэлэнг зохион байгуулж, шинэ, дэвшилтэт технологи, инновац шингэсэн 10 цахим үйлчилгээ, технологийг олон нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж шинэ технологиудыг эхний ээлжид туршилтын байдлаар нэвтрүүлж, 2023 он гэхэд бүх эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг хэлж байлаа. Шинэлэг санаа, инновац шингээсэн тэдгээр технологиос онцлон танилцуулж байна.  

Түргэний машин хаана явж байгааг мэдэх боломжтой

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат:

-Түргэн тусламжийн төвийн багийн байршлын маршрутыг дуудлага өгсөн иргэний утсанд дамжуулах системийг хөгжүүллээ. Өмнө нь дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана явж байгааг мэдэх ямар ч боломжгүй, тусгай дугаарт олон дахин залгаж ачаалал үүсгэдэг байсан. Тэгвэл энэ шинэ систем нэвтэрснээр ачаалал буурч, байршил тодорхой болох боломж үүсэж байгаа юм. Системээ 2023 онд илүү хөгжүүлж, аппликейшн болгох, машин хаана яваа мэдээлэл очихоос гадна эмч очтол авах арга хэмжээг зөвлөгөө байдлаар хүргэх зэрэг үйлчилгээг оруулах болно. Манайх эмнэлгийн зориулалтын 88 автомашинтай. Үүнээс 70 автомашинд GPS суурилуулсан. Үлдсэн машинд ойрын хугацаанд GPS суурилуулна. Тус программыг “Ай Си Ти групп”-тэй хамтарч, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлсэн.

Жирэмсний хяналтын цахим программ

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Мэндбаяр:

 

-Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж буй жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт, бүртгэлийн систем нь өрхийн эрүүл мэндийн төв болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хоорондын уялдаа холбоог сайжруулах давуу талтай. Тус системийг жирэмсэн эх болон эх барих эмч хэрэглэснээр жирэмсний хяналт сайжирч, хүртээмж нэмэгдэн, мэдээллийн нэгдсэн сан үүсэх юм. Ингэснээр амьгүй, хяналтгүй төрөлт, эхийн эндэгдэл тодорхой хэмжээнд буурах болно. Өмнө нь жирэмсэн эх хөтөч картаа эмнэлэгт үлдээж, эмчийг дуудахад эмнэлэг рүү очдог тогтолцоотой байсан бол энэхүү системийг ашигласнаар жирэмсэн эх хөтөч картыг биедээ авч яван, биеийн байдал, үзлэгийн явцыг өөрөө хянах бөгөөд эмч нь цахимаар давхар хянах бүрэн боломжтой болсон.

 

Үзлэгийн цаг захиалж, шинжилгээний хариугаа авч болох киоск машин

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэдээлэл технологийн албаны дарга А.Амартөвшин:

 

-Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь “И-Клиник” ХХК-тай хамтарч, нийслэлийн хэмжээнд тус төслийг хэрэгжүүлж буй. Уг киоск машинаас ойрын 20 хоногийн хугацаанд эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн хуудсыг цаг алдалгүй хэвлэх, үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах боломжтой болж байна. Эдгээр үйлчилгээг цахимжуулснаар иргэд цаг хэмнэхээс гадна авлига, хүнд суртлаас сэргийлэх олон давуу талтай. Мөн энэхүү систем нь Е-Mongolia систем болон эмнэлгийн дотоод удирдлагын системд шууд холбогдсон. E-Mongolia аппликейшнээс иргэн цаг авч, зөвхөн цагтай өдөр үзүүлдэг бол киоск машинаас тухайн өдөр цаггүй байсан ч нэмэлт цаг авах боломжтой болох юм. Одоогоор киоск машины зөвхөн үзлэгийн цаг, шинжилгээний хариу авах үйлчилгээг нь идэвхжүүлсэн бөгөөд хагас жилийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэд тус машинаар өдөрт 1000 орчим цаг захиалж байна. 

 

Өрхийн эрүүл мэндийн төвийн цаг захиалгын систем

“Дижитал Анд мед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбадрах:

 

-Манай компани өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зориулсан цаг захиалгын системийг нэвтрүүлж байна. Иргэд урьдчилсан байдлаар аппликейшн болон киоск машин ашиглан цаг захиалснаар дугаарын дагуу үйлчлүүлэх боломж бүрдсэн. Киоск машины тусламжтайгаар иргэдийг дугаарын дагуу дуудахын сацуу эрүүл мэндийн байгууллагын танилцуулга, төрөл бүрийн сурталчилгааг ухаалаг дэлгэцэд гаргах давуу талтай. НЗДТГ-тай хамтарч “Дижитал сити” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Smart UB аппликейшнээр дамжуулан цаг захиалах систем ашиглалтад орж, нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Одоогоор Баянзүрх дүүргийн 16-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд тус киоск машиныг ашиглаж байгаа юм.

 

Алсын зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх телемедицин технологи

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Телемедицин төвийн ажилтан Ө.Өнөмөнх:

 

-Телемедициний хяналт нь алсын зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг технологи юм. Өөрөөр хэлбэл, эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай иргэд заавал эмнэлэгт очих, эсвэл эмч дуудаж үзүүлэхгүй, эмчтэйгээ аппликейшнээр холбогдон үзүүлэх боломжтой болсон. Мөн гурван төрлийн амин үзүүлэлт шалгадаг аппаратыг өвчтөний зөвшөөрөлтэй гэрт нь хүргэх юм. Тухайн өвчтөний оношинд тулгуурлан нэмэлтээр зөөврийн аппаратуудыг хүргэх боломжтой. Нарийн мэргэжлийн эмч нар өвчтөнтэй 10 хоногт 1-5 удаа цахимаар холбогдох юм. Цар тахлын үед зөвхөн Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ системийг нэвтрүүлсэн. Эмч хяналтад байгаа өвчтөнтэй зайнаас харилцаж, биеийн байдлыг өдөрт гурван удаа, долоо хоногт дунджаар 5-6 удаа шалгаж хянана. Тус үйлчилгээг авсан иргэдийн 90 хувь нь сэтгэл ханамжтай байна.

 

Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, эмчилгээний хяналтын систем

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмч Ж.Оюунзул:

 

-0-5 насны хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, жингийн алдагдлыг өрхийн эмнэлгүүд хянадаг бөгөөд анх цаасан маягтаар хянадаг байсан бол өдгөө цахимд шилжсэн. Пос машинд 0-5 насны хүүхдийн жин, өндөр гэх мэт үндсэн мэдээллүүдийг оруулбал олон улсын хэмжээсээр бодогдож, хүүхдээ хянах, эмчилгээг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Гар ажиллагааг ийнхүү цахимжуулснаар ажил хөнгөвчлөгдөж, мэдээллийн сан үүссэн. Энэхүү цахим системийг зөвхөн хоол тэжээлийн цочмог дутагдалтай хүүхдүүдэд зориулсан.

 

Тусгай зөвшөөрлийн цахим систем

НЭМГ-ын Эмийн сангийн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Т.Жаргал:

 

-НЭМГ-аас эмийн сан, эмнэлгийн болон халдваргүйжүүлэх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл олгодог. 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 24 цагийн турш цахимаар авч эхэлсэн. Ингэснээр хугацаа хэмнэх, цаасны хэрэглээг багасгах давуу талыг бий болгож байна. Цахимд шилжсэнээс хойш 420 хүсэлт цахимаар ирсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)