“Чингис хаан” одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо

Admin | 2022-11-24


Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өчигдөр Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн.

Академич Д.Доржготовт өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон эрдмийн хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” одонг мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.

Хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулсан зэрэг олон амжилтыг нь шинжлэх ухааны салбар үнэлж байгаа юм. Академич Д.Доржготов болон түүний шавь нар нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг.

Монгол Улс авьяас чадвар, хүч чадлаас илүү "ОЮУНЫ ХӨДӨЛМӨР"-ийг цаашид энэ мэтээр үнэлэх болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ үеэр онцолж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)