Приус машины яндангаа хулгайд алдсан гэх 892 гомдол цагдаад иржээ

Admin | 2022-11-30


   Улсын хэмжээнд 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар 1,259,868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас Улаанбаатар хотод 676,974 авто машин  буюу 53,7 хувь  орон нутагт  582,894 автомашин  буюу 46,3 хувь нь  нь замын хөдөлгөөнд оролцож байна.  

Үүнээс нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 буюу 10,5 хувийг эзэлж байгаагаас 

  • Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456  буюу 50,6 хувь,
  • Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь,
  • Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна. 

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 4 жилийн байдлаар Тоёота Приүс маркийн авто машины зөөлөн яндан алдагдсан талаар цагдаагийн байгууллагад иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 892 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 2021 онд  129 гэмт хэрэг, 2022 эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан буюу катализаторын ажиллагааны байдлыг тодорхойлох зорилгоор “Бензин хөдөлгүүртэй автомашин – утааны найрлага дах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS:5013:2009 стандартад тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, яндангүй гэсэн 3 төрлийн нөхцөлд тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг хэмжиж, харьцуулалт хийгдсэн. 

Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ бага эргэлттэй үед яндангүй тээврийн хэрэгслээс хаягдаж буй хэмжээнээс 4.5 дахин бага. 

БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 3.2 дахин бага байсан бол их эргэлттэй үед СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8, Хятад дуураймал яндангаас 4.3 тус тус бага ялгаралтай байсан. 

НС буюу нүүрс-ус төрөгчийн хувьд бага эргэлттэй үед огт яндангүй тээврийн хэрэгслээс хаягдах хэмжээнээс 8%-иар, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 12,6 %-иар, их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 10%-иар тус тус бага, Хятад дуураймал яндангаас 1.6 дахин бага ялгаралтай байсан. 

Иймд дээр дурдсан хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нь онц чухал үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны үед яндангийн байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)