Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Азийн сан, иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр оролцогч байгууллагууд сайн туршлагаа хуваалцаж, үр дүнгийн тогтвортой байдлыг цаашид хангах талаар хэлэлцсэн юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд хоорондоо уялдаа бүхий гурван төсөл хэрэгжүүлсэн. Үүнд:
- ЗГХЭГ-тай хамтран хэрэгжүүлсэн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл;
- НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн Хотын засаглалыг сайжруулах төсөл;
- Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн Иргэдийн оролцоо төсөл багтаж байгаа юм.
Эдгээрийн нэг болох Хотын засаглалыг сайжруулах төсөл нь иргэдэд нэн шаардлагатай төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, цахимжуулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. Мөн нийслэлийн 1.6 сая иргэнд төрийн үйлчилгээг хүргэж буй нийслэлийн төрийн захиргааны албан хаагчдыг чадавхжуулахад тодорхой, бодит үр дүн гарсан байна.
Энэ төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотын засаглалыг сайжруулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжсэн. Засаглалын хувьд төвлөрлийг сааруулна гэдэг нь төрийн үйлчилгээ зөвхөн нэг байгууллагад төвлөрч байсан бол одоо нэгж бүрд тарж, иргэдэд үйлчилгээ хурдан шуурхай хүрэхийг хэлнэ. Ингэснээр нийслэлийн 95 үйлчилгээг цахимжуулсны дотор зөвшөөрөлтэй холбоотой 74 төрлийн үйлчилгээ багтаж байгаа. Бид өмнө нь хорооноос үйлчилгээ авч мэддэггүй байсан. Энэ бүх үйлчилгээ цахимжиж, иргэн хорооноос үйлчилгээ авах боломжтой боллоо. Мөн нийслэлийн нэг цонхны үйлчилгээний төвүүдэд хандаж бүх үйлчилгээг авч байна. Энэ бүхэн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй ЗГХЭГ, НЗДТГ, Азийн сан хамтран ажилласны үр дүн юм. Энэ үр дүн иргэдэд бодитойгоор хүрч буй. Засаглалыг сайжруулна гэдэг дуусдаггүй, байнгын аялал. Энэ чиглэлд нийслэл албан хаагчдаа чадавхжуулах төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран энэ жилээс хэрэгжүүлж байна” хэмээлээ.
Энэ үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри "Сайн засаглал нь улс орны хөгжлийг урагшлуулах том хүчин зүйл. Ийм учраас ч Швейцарын хөгжлийн агентлагаас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэхүү төслийн зарим үр дүнг онцолбол, нэг цонхны үйлчилгээний төвийг өргөжүүлсэн нь бизнес эрхлэгчид болон иргэдэд үр өгөөжөө өгсөөр байна. Хөтөлбөрийн чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цаашид үргэлжлүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Швейцарын хөгжлийн агентлагийн засаглалын чиглэлээр хэрэгжүүлдэг гол хөтөлбөр нь Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүргэх зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллажээ.