Уралдаанд нийт 140 гаруй бүтээл ирж, сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн сэдвийн хүрээнд дэх эсээ бичлэгийн уралдаанд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн маркетингийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралгуа тэргүүлж, Санхүү, эдийн засгийн их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Анхзаяа, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Э.Баярсайхан нар удаалсан.
Харин “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал” сэдвийн хүрээнд болсон эсээ бичлэгийн уралдаанд Отгонтэнгэр их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Маргад-Эрдэнэ, нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг, 20 дугаар сургуулийн 11д ангийн сурагч А.Золзаяа нар эхний гурван байрыг эзэлсэн.
Мөн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Ш.Сумъяахүү, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Н.Янжинлхам нар тусгай байранд шалгарсан юм.
Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва нар өнөөдөр /2025.01.09/ шагнал гардууллаа.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон оюутан, сурагчдад баяр хүргээд, энэхүү уралдаан оюутан залуус, сурагчдын дунд үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж дүгнэж байгаагаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Энэхүү уралдаан Үндсэн хуулиар хуульчлагдсан амин чухал асуудлууд болох хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, тэгш эрх, төрийн байгууламж, парламентат ёс нь яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэхэд хүргэсэн гэдэгт итгэж байна хэмээгээд, хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээ шүүмжлэн эргэцүүлэх чадварыг дээшлүүлэх, цаашид нийгмийн чухал асуудлаар судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх, сонирхлыг нэмэгдүүлэх сэдэлжүүлэх ач холбогдолтой байсныг тодотгосон юм.