ЯКОБ СТАУСХОЛЬМ: Оюутолгойн гүний уурхай бол монгол хүний ур чадвар, хичээл зүтгэл олон улсын хөрөнгө оруулалт, туршлагатай хавсарч амжилтад хүрч чаддагийн илэрхийлэл юм

Admin | 2022-01-25


Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ. Гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн юм.

Энэ үеэр "Рио тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм "Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг өнөөдөр ийнхүү эхлүүлж байгаа нь Монгол Улс болоод дэлхийн өрсөлдөгчөө хол хаях уурхайг цогцлоохоор зүтгэж буй хүн бүрийн олон жилийн хүчин чармайлт, тууштай хөдөлмөрийн үр дүн юм.

Монгол хүний гараар бүтсэн, хөлс шингэсэн энэ уурхай улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болоод зогсохгүй нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой билээ.

Оюутолгойн гүний уурхай бол монгол хүний ур чадвар, хичээл зүтгэл нь олон улсын хөрөнгө оруулалт, туршлагатай хавсарч амжилтад хүрч чаддагийн илэрхийлэл юм. Төслийг хэрэгжүүлсэн олон улсын баг түүний дотор Монголын талын удирдлагууд, "Рио Тинто" группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, "Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал болон “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес түүний баг энд хүргэхэд гүн туслалцаа үзүүлснийг онцлох нь зүйтэй.

Өнөөдөр бид нэгэн чухал түүхэн үйл явдлын гэрч болж байна. Оюутолгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ зэс хойч үедээ  ногоон, тогтвортой ирээдүйг бэлэглэхэд нэн шаардлагатай салхин сэнснээс эхлээд цахилгаан автомашин бүтээхэд зайлшгүй шаардлагатай билээ.

Үүнтэй ач холбогдлын хувьд эн зэрэгцэхүйц бэлгэшээлтэй үйл явдал өнөөдөр давхцаж байна гэж би үзэж байгаа. Стратегийн түншлэлээ харилцан итгэлцэлд тулгуурлан бэхжүүлэх, харилцааг шинээр эхэлж буйг өнөөдрийн арга хэмжээ давхар бэлгэдэж байна гэж бодож байна.    

Өнгөрсөн сард та бүгдийн дуу хоолойг сонсох зорилготой Монгол Улсад ирснээ тодорхой илэрхийлсэн билээ. Гаргасан алдаагаа ухамсарлан ойлгож, цааш хэрхэн хамтдаа урагшлах вэ гэдгийг би ойлгохыг хүссэн. 

Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэнд, энэ төсөл урагшлах боломж олгосон яамд, агентлаг болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан УИХ-ын түр хороонд яриа хэлэлцээний турш үнэ цэнтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлье.

Түүнчлэн манай хувь эзэмшлийг төлөөлж хэлэлцээнд оролцсон “Туркойс Хилл Ресурс”, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхээр ахлуулсан Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, удирдлагын багт сүүлийн саруудад хүлээцтэй хандаж, тууштай ажиллаж ирсэнд баярлалаа.

Мөн хөрөнгө оруулагчдын бидэнд хүлээлгэсэн итгэлд талархахын зэрэгцээ Монгол дахь олон зуун түнш, хамтран ажиллагч байгууллагууд, тэр дундаа Өмнөговь аймаг болон өнөөдөр хүрэлцэн ирсэн орон нутгийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлье.

Эцэст нь, Оюутолгойн нийт ажилчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгч нарт цуцалтгүй хөдөлмөрлөн, өнөөдрийн чухал үйл явдлыг бодит үйл хэрэг болгосонд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Та бүхний бүтээлцэж буй их үйлс дэлхийн уул уурхайн салбарт цахиур хагалах бүтээн байгуулалт мөн. Оюутолгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, 600 гаруй Монголын ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтны 96%-ийг монголчууд бүрдүүлсэн уурхай.

Цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж, өнөөдрийн чухал үйл явдлыг ийнхүү хамтдаа тэмдэглэж байгаад сэтгэгдэл өндөр байгаагийн зэрэгцээ та бүгд үүний тулд бие, сэтгэлээ гарган хөдөлмөрлөснийг сайтар ойлгож байна.

Оюутолгой шиг мега төслийг хэрэгжүүлэх нь амаргүй. Ирээдүйд тулгарах сорилтууд, хийх ёстой дараа дараагийн чухал ажлууд бидний өмнө байгаа учир санаа амарч болохгүй. Санаа нийлсэн хамтрагчид бий тул бид итгэл төгс байна.

Оюутолгойн зэс дэлхий ирээдүйн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Оюутолгой эрдсээс гадна  “эрдэм мэдлэг, ур чадварын уурхай” юм. Оюутолгойгоос хүч түрэн гарах шилдэг боловсон хүчин ирээдүйд Монгол Улсын эдийн засгийг жолоодон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо.

Хамтдаа эхлүүлсэн энэ аяллаа цаашид үргэлжлүүлэхийг хүлээж байна" хэмээн хэллээ.

"Оюу толгой" ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" бүрэн хариуцах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)