Оросын тал Киевийн орчимд байлдааны ажиллагаагаа эрс бууруулах болсныг зарлалаа

Admin | 2022-03-29


Өчигдөр Истанбулд болсон уулзалтын үеэр Оросын засгийн газрын төлөөлөгчид Украины хоёр бүс нутагт байлдааны ажиллагаагаа эрс бууруулах болсныг зарлажээ.

Үүнийгээ тэд харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж нэрлэсэн байна.

Тухайлбал нийслэл Киев хот болон умард бүсийн Чернихов хотын орчмоос Оросын тал цэргийн хүчээ татахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын батлан хамгаалах яам Украинд явуулж буй байлдааны ажиллагаагаа Донбассын бүс нутагт төвлөрүүлэх болсноо зарлаж байв.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хэлсэн үгэндээ Оросын төлөөлөгчдийн үгэнд итгэх шалтгаан байхгүй байгааг анхааруулсан байна.

“Энэ бол нааштай мэдээ гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь Оросын халдлага, довтолгоо бүрмөсөн зогсоно гэсэн үг биш” гэж тэр видео мэдэгдэлдээ хэлжээ.

Киев орчмоос Оросын цэрэг ухарч эхэлснийг Вашингтоны албаныхан баталсан ч Украины нийслэлд агаарын цохилтын аюул өндөр хэвээр байгааг бас анхааруулсан байна.

Өчигдөр Истанбулд эхэлсэн Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт гурван цаг орчим хугацаанд үргэлжилжээ. Уулзалтаас ямар үр дүн гарсан талаар мэдээлэл хомс байна.

Украины тал төвийг сахих, цөмийн зэвсэггүй бүс болох амлалтаар аюулгүй байдлаа баталгаажуулах саналыг Оросын талд тавьсан тухай яригдаж байгаа.

Украин улсыг НАТО-д элсүүлэхгүй байх нь Оросын талаас эзлэн түрэмгийлэл эхлүүлсэн нэг гол шалтгаан байсан юм.

Харин дайны эхэлсэн үеэс хойш Путиний байнга ярьж байгаа “демилитаризация” (цэрэг зэвсгийн чадамжгүй болгох), “денацификация” (нацизмаас ангижруулах) гэсэн зорилтуудын талаар хэлэлцээнд оролцогч талууд огт дурдаагүй байна.

Мөн албан ёсоор Украины газар нутагт тооцогддог Крымийн хойг, Донбассын бүс нутгийн асуудлаар ямар шийдэлд хүрэх нь тодорхойгүй байгаа юм.

Орос-Украины яриа хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)