Б.БАТЦЭЦЭГ: АНУ-ын лаборатори байгуулах төлөвлөгөө, яриа хэлэлцээр огт хийгдээгүй

Admin | 2022-04-18


  АНУ-ын лабораторийг Монголд байгуулж байгаа гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Монголд АНУ-аас лаборатори байгуулна гэх мэдээлэл цацагдлаа. Үүнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын баримталдаг байр, хууль дүрэм тогтоомжид АНУ-ын лаборатори байгуулах төлөвлөгөө, зорилт байхгүй. Ярьсан улс орон ч байхгүй. Яриа хэлэлцээр огт хийгдээгүй. Дэлхийн гиополитекийн нөхцөл байдал маш хүнд байгаа. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, зарим төрлийн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа улс орнуудад идэвхжсэн. Монгол Улсын гадаад харилцаа маш нээлттэй. Энхийг баримталж ажилладаг. Хүмүүсийн хардлагыг төрүүлэхүйц ямар ажиллагаа явагдсан эсэхийг нягталсан. Улмаар холбогдох байгууллагууд нь мэдээллээ чамбайруулж ҮБАЗ-д нэгтгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулах, сонсгол хийх үүрэг даалгаврыг Монгол Улсын Ерөнхийлөгч өгсөн.

-Тэгвэл мэдээлэл гарсан шалтгаан нь юу вэ?

-Орос, Украины дайнаас улбаалж, хэвлэлийн дайн маш эрчимтэй явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор хардалт гарч байна. Улстөрийн дотоод байдлыг үймүүлэх, буруу зөрүү ойлголтыг төрүүлэх ойлголтыг хувь хүн ч, улстөр судлаачид ч хийж болдог. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө маш нээлттэй. Бүх мэдээлэл ил тод. Үүнийг нь ашиглах, уур амьсгалыг өөрчлөх, найрсаг харилцаатай хоёр хөрштэй хагалан бутаргах санаархал явж байхыг үгүйсгэхгүй. Тагнуулын байгууллага зохих арга хэмжээг авч, шалгаж байгаа болов уу. Энэ яриад байгаа лаборатори нь зүгээр ч нэг лаборатори биш. Био зэвсгийн зориулалтаар АНУ Украинаас манай улсад лабораторио нүүлгэж авчирч ажиллана гэх хардлага байсан. Түүнд бид няцаалт өгч байгаа. Бусдаар бол улс орон янз бүрийн чиглэлийн, судалгаа хийх лабораторийн тоног төхөөрөмж хандиваар авах, төсөл хөтөлбөрийн хүрээнд тест хийх лаборатори хийхээр авсан тохиолдол бий.

-Уг мэдээллийг гаргаж тавьсан ОХУ-ын хэвлэл рүү хандсан уу?

-Нэг мэдээлэл сонин дээр гарангуут бүхэл бүтэн улсын Гадаад харилцааны яам хөөцөлдөөд залруулга хийгээд яваад байхаасаа илүү дотооддоо энэ мэдээллээ нягталж, чамбайруулна. Мөн ямар үндэслэлтэй, ямар эх сурвалжтай вэ гэдгийг зохих журмын дагуу судлах ёстой. Энэ мэдээллийг анх гаргаж тавьсан хүн нь эрдэмтэн хүн.

 

    

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)